Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ДЕТРОЙТ, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /Reuters/. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн санал авах байрууд мягмар гаргийн орой эхнээсээ хаагдаж эхэллээ. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах нам Конгресст олонхын суудлаа алдаж болзошгүй байгаа энэ удаагийн сонгуульд сая сая америкчууд саналаа өглөө. Санал асуулгуудын дүнгээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох магадлал өндөр байна. Харин Сенатын хяналтыг гартаа авах эсэх нь хэд хэдэн муж улсад өрнөж буй өрсөлдөөний дүнгээс шалтгаална.
Сенатын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн гол төлөв Бүгд найрамдах намын дэмжлэг давамгайлдаг 10 орчим муж улсад өрнөж байна.
Индиана, Кентакки муж улсуудад АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:00 цагт санал авах байрууд хаагдсан бол 19:00 цагт өөр зургаан муж улсад санал хураалт дуусжээ. Харин бусад муж улсад санал хураалт үргэлжилж байна.
Түүхэн жишгээс үзэхэд Д.Трампын Бүгд найрамдах намын хувьд нөхцөл байдал тийм таатай биш байна. Дэлхийн II дайнаас хойш болсон завсрын сонгуулиудын ердөө хоёрт нь л тухайн үеийн ерөнхийлөгчийн нам Конгресс дахь суудлаа хадгалж үлджээ. Үүн дээр Трампын нэр хүнд ерөнхийлөгчөөр ажилласан хугацааных нь хамгийн доод түвшинд ойртсон, Ирантай хийж буй дайн, шатахууны үнийн өсөлт болон амьжиргааны өртөг нэмэгдсэн зэрэг асуудал сонгогчдын дургүйцлийг төрүүлж байгаа нь Бүгд найрамдах намын боломжийг улам сулруулж байна.
Хоёр дахь бүрэн эрхийнхээ дунд үед ирээд байгаа Д.Трамп энэ удаагийн сонгуулийн анхаарлын төвд байлаа. Тэрбээр дэмжигчдэдээ хандан "Саналын хуудсанд миний нэр бичээстэй байгаа мэтээр төсөөлөөрэй” хэмээн уриалсан бөгөөд Ардчилсан намын удирдагчид ч энэ үгийг нь өлгөн авч, сурталчилгаадаа ашиглаж байв.
Д.Трамп аравдугаар сарын эхнээс хойш 20 гаруй сонгуулийн сурталчилгааны цуглаан зохион байгуулж, өөрийн дэмжигчдийг идэвхжүүлэхийг зорьжээ. Эдгээр цуглааны ихэнх нь 2024 оны сонгуулиар өөрт нь илт давуу санал өгсөн муж улсуудад болсон байна.
Санал асуулгуудын дүнгээс үзэхэд сонгогчдын хамгийн их санаа зовж буй асуудал нь амьжиргааны өртөг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхээр явуулж буй Д.Трампын үйл ажиллагаанд тэд сэтгэл хангалуун бус байна. Түүний импортын бараанд ногдуулсан гаалийн татварын заримыг шүүх хүчингүй болгосон бөгөөд хоёрдугаар сард Иранд цохилт өгөх шийдвэр гаргасан нь хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ.
АНУ-ын хэд хэдэн бүс нутагт цаасан саналын хуудсыг уншиж, тоолдог төхөөрөмжид доголдол гарсан тухай мэдээлжээ. Тухайлбал, Жоржиа, Айова, Миссисипи, Нью-Йорк муж улсын зарим тойрогт ийм асуудал гарсны улмаас санал хураалт болон саналын хуудсыг тоолох ажиллагаа удааширсан байна.
АНУ-ын сонгуулийн үеэр санал тоолох төхөөрөмжид цөөн тохиолдолд техникийн доголдол гарах нь ердийн үзэгдэл юм. Гэхдээ нөөц төхөөрөмж болон бусад хамгаалалтын арга хэмжээнүүд авдаг тул ийм доголдол сонгуулийн эцсийн дүнд нөлөөлөх нь ховор гэж сонгуулийн асуудлаар мэргэшсэн шинжээчид үзэж байна.