Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Энэ удаагийн хуралд Монгол, Оросын ШУА-ийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцов. Түүхэн ойд зориулсан уг эрдэм шинжилгээний хурлаар хоёр орны харилцааны түүхэн замнал, ололт амжилт, сургамжийг эргэн дүгнэж, өнөөгийн хамтын ажиллагааны байдал, цаашдын хөгжлийн боломжийг хэлэлцлээ.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нээлтийн үеэр хэлэхдээ, “1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улстай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын орчин цагийн гадаад харилцааны түүхэн дэх онцгой ач холбогдол бүхий үйл явдал байлаа. Түүнээс хойших нэгэн зуун дамнасан хугацаанд манай хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэл, итгэлцэл, сайн хөршийн уламжлалт нөхөрлөлийн үнэт зүйлсэд тулгуурлан тасралтгүй хөгжиж, өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрчээ. Энэхүү түүх бол зөвхөн дипломат харилцааны төдийгүй хоёр ард түмний нөхөрлөл, харилцан дэмжлэг, хамтын зүтгэлийн баялаг түүх юм” хэмээн онцлов.
Тэрбээр мөн өнгөрсөн хугацааны арвин туршлага, амжилт ололт, сургамжид тулгуурлан цаашид улс төр, дипломат харилцаа, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, ложистик, дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын харилцааг орчин үеийн хэрэгцээ, шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулахад хамтарсан судалгаа, эрдэмтдийн хараат бус дүгнэлт, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байгааг тодотгосон юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич тус үеэр хэлэхдээ, “Хоёр орны хооронд өндөр, дээд болон бусад түвшний харилцаа, хамтын ажиллагаа тогтмол явагдаж, нийт 150 гаруй гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. Хоёр улсын харилцаа зөвхөн улс төрийн хүрээнд төдийгүй эдийн засгийн агуулгаар баяжиж, өнгөрсөн жил 2,8 тэрбум ам.долларт хүрээд байна. Одоогийн байдлаар, эдийн засгийн хамт ажиллагаанд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Монгол Улсыг дамжин өнгөрөх хийн хоолой зэрэг ирээдүйтэй төслүүд багтаж байна” гэлээ.
Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа тус үеэрх мэндчилгээндээ, Монгол Улс, ОХУ-ыг албан ёсны харилцаа, хамтын ажиллагаа гүн гүнзгий холбож байдаг ч ардын дипломатын албаныхны үүрэг оролцоо түүнээс дутахгүй. Энэхүү үүргийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг өнгөрсөн цаг хугацаанд гүйцэтгэж ирлээ. Тус байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг ирэх онд тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаагаа уламжлав.
Уг хурлын үдээс өмнөх хуралдаанаар ХХ зууны эхэн үеийн хоёр орны харилцаа, Монгол-Зөвлөлтийн 1921 оны гэрээ, Хиагтын түүх, архитектурын өв, цэргийн салбарын хамтын ажиллагаа, Зөвлөлтийн анхны монгол судлаачдын шинжлэх ухааны өвийн талаар санал солилцсон юм. Үдээс хойших хуралдаанаар Монгол-Оросын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Хятад-Монгол-Оросын гурван талт харилцаан дахь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломж, архивын болон технологийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг авч үзэв. Энэ үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан уншигчдын хүртээл болгохоор зэхэж буй “Монгол-Оросын харилцаа: Баримт бичгүүд (1912-2026)” баримт бичгийн эмхэтгэл бүтээлийг танилцуулсан юм.
Энэ удаагийн хурлыг Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран зохион байгуулав. Хурлын хамтран зохион байгуулагчаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Улаанбаатар дахь “Русский Дом” буюу Оросын шинжлэх ухаан соёлын төв болон “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл ажиллалаа.

