Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энхнасан энэ сарын 11-нд НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-гийн Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан захирал, хатагтай Надиа Рашийдийг хүлээн авч уулзлаа.
Тус сангаас Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний статистикийн хороотой хамтран "Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээ"-г хийж, урьдчилсан дүнг танилцуулаад байгаа юм. Уг үнэлгээгээр Монгол Улсын хүн амд эзлэх 65 ба түүнээс дээш насны иргэдийн эзлэх хувь 2055 онд 15.3 хувь болж одоогийнхоос гурав дахин нэмэгдэх төлөв тогтоогдсон байна. Энэ нь тэтгэврийн зардлыг 70 гаруй хувиар нэмэгдүүлэх тооцоо гарч буй юм.
Монгол Улсын хүн амын чухал асуудлууд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих чиглэлээр тууштай хамтран ажилладагт нь тус санд талархаж явдгаа УИХ-ын гишүүн Л.Энхнасан илэрхийлээд, хамтын ажиллагааны гол чиглэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлоход дээрх үнэлгээ чухал болохыг онцлов. Үнэлгээнд тулгуурлан тэтгэврийн болон нийгмийн хамгааллын шинэчлэл, асрах үйлчилгээ, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боддлого, төлөвлөлтөд тодорхой стратеги тусгаж ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Хатагтай Надиа Рашийд УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааны хүрээ олон талаар нийцэх учир үнэлгээнд үндэслэн байнгын хорооноос гарах санал, зөвлөмж, тэргүүлэх чиглэлд суурилж, нягт хамтран ажиллахыг зорьж буйгаа хэлсэн юм.
Дэлхий дахинд нөхөн үржихүйн асуудал эмзэг болж буйг тэрбээр танилцуулж, Монгол Улсад ч мөнхүү төрөлт буурах, энэ талын эрүүл мэндийн байдал муудах хандлага ажиглагдсаныг дурдав. Иймд энэ чиглэлээр болон өсвөр насны охидын жирэмслэлт, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэгт анхаарал хандуулж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн идэвхтэй дэмжлэгтэйгээр үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Жендэрийн тэгш байдлыг хангах талаар зөвхөн эмэгтэйчүүдийн идэвхийг өрнүүлэх нь учир дутагдалтайг УИХ-ын гишүүн Л.Энхнасан өгүүлж, парламентын нийт гишүүдийн манлайллыг хангах, хүн ам дахь эрэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудад анхаарах шаардлагатайг тэмдэглэв гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Улс төр
БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Улс төр
“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлав