Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

АНКАРА, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /ANADOLU/. Ардчилсан намын гишүүн, египет гаралтай Абдул эль-Сайед Мичиган муж улсаас Сенатын гишүүнээр сонгогдлоо.
Ерөнхийлөгч Д.Трамп болон Бүгд Найрамдах намынхны /БНН/ зүгээс түүнийг шашин шүтлэгээр нь гадуурхан дайрч доромжилж, өрсөлдөгчийг нь израилчууд хандиваар дэмжсээр байсан боловч тэрбээр Сенатад сонгогдсон анхны мусульман шашинтан болж, түүхэнд бичигдэж байна.
Египетээс ирсэн цагаачдын хүү, доктор эль-Сайед наймдугаар сард Мичиган муж улсад болсон Ардчилсан намын сунгаанд ялснаар Сенатын гишүүнд өрсөлдөхөөр болсон юм. Түүний өрсөлдөгч нь АН-аас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Хейли Стивенс байв. Дараа нь эль-Сайед БНН-аас Конгресст сонгогдож байсан Майк Рожерсийг ялсан юм.
Тэрбээр АНУ-аас Израилд үзүүлж буй санхүүгийн тусламжийг зогсоохыг уриалж, Газын зурваст үй олноор хоморголон устгах гэмт хэрэг үйлдсэн Израилын эрх баригчдыг буруушаасаар иржээ. Мөн тэрбээр эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай бөгөөд муж улс, холбооны улсын түвшинд эрүүл мэндийн салбар ба цагаачлалын бодлогод шинэчлэл хийхийг уриалдаг. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын Medicare хөтөлбөрийг өргөжүүлэх, үүний дүнд иргэн бүрд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын төлөө байр сууриа илэрхийлсээр иржээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний зардлаас үүссэн америкчуудын өр 225 тэрбум доллароос даваад байгаа нөхцөлд уг өрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үздэг
Эль-Сайед Мичиганы их сургуульд биологи, улс төр судлалаар суралцаж байгаад Колумбын их сургуульд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Мөн Оксфордын их сургуульд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дахин докторын зэрэг хамгаалжээ. 2006 онд энэтхэг гаралтай, сэтгэцийн эмч Сара Жукакутай гэрлэсэн байна.