Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /ТАСС/. Сербийн теннисчин Новак Жокович сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаагаа Мэргэжлийн теннисчдийн холбооны улирлын Хаалтын тэмцээнд /ATP Finals/ оролцох эрхийг авч чадсангүй.
Тэрбээр Парист болж буй “Мастерс” тэмцээний II тойрогт Австралийн тамирчин, дэлхийн чансааны 83 дугаарт бичигдэж буй Ринки Хизиката-д хожигдсоноор дээрх тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Хаалтын тэмцээнд тухайн улиралд хамгийн олон оноо авсан шилдэг 8 теннисчин оролцдог. Өмнөх тэмцээний аварга Италийн теннисчин Янник Синнер өвдгөндөө гэмтэл авч, улирлыг дуусгасан учраас Жокович жагсаалтын 10 дугаарт бичигдэж байсан юм.
Сербийн теннисчин өмнө нь 2017 онд уг тэмцээнд оролцох эрхийг авч чадаагүй юм. Гэхдээ оролцсон тоогоор /16 удаа/ Швейцарын Рожер Федерерийн дараа /17/ бичигддэг ба 7 удаа аваргалжээ. 2024 ба 2025 онуудад оролцохоос татгалзаж байв.
Өдгөө 39 настай Жокович дэлхийн чансааны 11 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр ATP холбооны тэмцээнүүдэд нийт 102 удаа түрүүлснээс Их дуулгын тэмцээнүүд 24 удаа аваргалсан нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дээд амжилт юм. Мөн 2008 оны Олимпоос хүрэл медаль, 2024 оны Олимпоос алтан медаль хүртсэнээс гадна 2010 онд Дэвисийн цомын эзэн болжээ. Түүнчлэн 428 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлсэн нь үнэмлэхүй дээд амжилт юм.
АТР холбооны улирлын Хаалтын тэмцээн энэ сарын 16-22-нд Италийн Турин хотноо хатуу гадаргуутай талбайд явагдана.