Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 30 /TASS/. Нарны гадаргуу дээр 500 мянга орчим км хэмжээтэй аварга том протуберанец буюу хийн үүл бүрэлдэж, улмаар сансарт шидэгдсэнийг бүртгэсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэн болон Сибирийн салбарын Нар, дэлхийн физикийн хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лаборатори пүрэв гарагт мэдээлжээ.
“Хагас сая орчим км хэмжээтэй асар том хийн үүл Наран дээрээс шидэгдэж буй дүрс өнөөдөр сансрын хэд хэдэн дурангийн камерт нэгэн зэрэг бичигдсэн” гэж мэдээлэлд дурдсан байна.
Протуберанец гэдэг нь Нарны гадаргуугаас дээш хэдэн арван мянгаас хэдэн зуун мянган км-ийн өндөрт хөөрөн тогтдог, харьцангуй хүйтэн, бараан хийн үүл юм. Эдгээр хийн үүл нь соронзон орны нөлөөгөөр нэг газраа тогтон, хэмжээ нь улам томордог байна. Зарим тохиолдолд хэдэн зуун мянган км, ховор тохиолдолд нэг сая км хүртэл хэмжээтэй болдог ажээ.
Ийм хийн үүл нь Нарны титмийн хувьд өөр төрлийн бүтэц тул Нар түүнийг сансарт шидэн гадагшлуулдаг байна. Ийм үзэгдэл нь соронзон шуурга үүсгэдэг байна. Гэхдээ энэ удаад хийн үүл нь Дэлхий рүү бус хажуу тийш шидэгдэж, түүний замд Ангараг гараг өртөхөөр байгаа аж. Гэсэн хэдий ч хийн үүлний зарим хэсэг Дэлхийд хүрч магадгүй байгаа бөгөөд бага зэргийн соронзон шуурга үүсгэх төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ.