Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод түвшнийг тогтоох тухай тогтоол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарчээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өгөв. 2025 оны байдлаар 4330 төрийн байгууллагад 213600 төрийн албан хаагч ажилладгаас 3644 төрийн улс төрийн, 20527 төрийн захиргааны, 49871 төрийн тусгай, 139569 төрийн үйлчилгээний албан хаагч аж.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ярихдаа, “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхээр 2026 оны төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөг суулгасан. Ингээд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үед баталсан төсөвтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, цалин олгох журмууд болон холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд гардаг. Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой. 2026 оны улсын төсвийн тодотголоор батлуулж авсан 170.1 тэрбум төгрөгийн хүрээнд цалин, тэтгэврийг ийнхүү нэмэгдүүллээ. Таны энэ цалин 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс цаашаа үргэлжлээд аваад явна. Зөвхөн он дуустал өгөөд зогсоно гэсэн үг биш. 2027 оны төсвийг УИХ баталбал иргэд энэ цалингаа цаашид аваад явна” гэв.
Эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд, төрийн үйлчилгээний алба хаагчид, шинжлэх ухааны салбарынхан, спорт, соёл урлагийнхны цалин ирэх сарын 1-нээс нэмнэ. Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. Мөн бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийнх 270 мянган төгрөгөөр нэмэгдэх бол туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр, шил угаагчийнх 233 мянган төгрөгөөр өсөх аж.
Ахмад настнуудын хувьд суурь тэтгэвэр ирэх сарын 1-нээс нэмэгдэнэ. Тэтгэврийн нэмэгдлээ харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагаас мэдэх боломжтойг сайд нь хэллээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настан, тэжээгчээ алдсан хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг болгох аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр 25.5 хувиар нэмэгдэнэ.
Харин ахмад настан болон бусад хамрагдах бүлгийн тэтгэвэр 38.9 хувиар өслөө. Мөн байнгын асаргаа шаардлагатай, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 330 мянган төгрөгөөс 370 мянган төгрөг болж, 12.1 хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмж 484 мянган төгрөгөөс 524 мянган төгрөг болж, 40 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.