Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй нийслэлийн түүхт 387 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын түүхэн дурсгалт долоон барилгын түүхийг онцлон хуваалцъя.
Монгол төрийн гал голомт-Төрийн ордон

Нийслэлийн төв талбайн хойморт орших Төрийн ордон бол Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагааны төв төдийгүй XX зууны Монголын түүх, архитектурын хөгжлийг өгүүлсэн түүхэн барилга юм.
Ардын Засгийн газар анх одоогийн УБДС-ийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1930-аад оноос төрийн байгууллагуудыг нэг дор төвлөрүүлэх шинэ ордон барих асуудлыг ярьж эхэлжээ. Улмаар 1947 оны дөрөвдүгээр сард хуучин Бөмбөгөр ногооны суурин дээр Төрийн ордны шавыг тавьсан байна. Дотоод, гадаадын 1200 гаруй барилгачны хөдөлмөрөөр барилга 1951 онд бүрэн ашиглалтад орж, Улсын Бага Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Намын төв хороо, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Зохиолчдын Эвлэл зэрэг төр, засгийн байгууллагууд нүүсэн түүхтэй.
Төрийн ордны барилгын зургийг Сүхбаатарын хөшөөг бүтээсэн уран барималч С.Чоймбол гаргасан гэдэг.
Харин 1954 онд
ордны цогцолборын нэг хэсэг болох бунхант индрийг барьж, долдугаар сарын 8-нд
баяр ёслолын үеэр нээжээ. Төрийн
ордонд 1961, 1981, 2006 онд өргөтгөл
хийж, өнөөгийн дүр төрхийг бүрдүүлсэн байна. Өнөөдөр Төрийн ордон хааш
хаашаагаа 100 метр орчим, 18.7 метр өндөр, 500 гаруй ажлын өрөө, 900 гаруй
цонхтой. Мөн 10 гаруй хуралдааны танхимтай. Хамгийн том нь 800 гаруй хүний
суудалтай Их танхим бөгөөд томоохон хурал, зөвлөгөөн зохион байгуулдаг. 2016 онд “А” танхимыг “Их Эзэн Чингис хаан
танхим”, “Б” танхимыг “Жанжин Д.Сүхбаатар танхим” хэмээн нэрлэсэн байна.
Гадаад Харилцааны Яам

Монгол Улсад орчин цагийн хот байгуулалт, амьдралын хэв маяг хувьсан хөгжихөд нөлөө үзүүлсэн нэгэн уран барилга бол Гадаад Харилцааны Яамны барилга юм. Барилгын шавыг 1946 оны дөрөвдүгээр сард буюу дэлхийн 2-р дайны дараах, хүнд бэрх цагт эхэлж тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-ын мэргэжилтэн, архитектор В.Шульгин хийж, 1946-1947 онд барьж дуусгасан байна.
Энэхүү барилгыг барихад Халх голын байлдаанаар олзлогдсон япон цэргүүдийг дайчлан оролцуулсан нь түүхэн баримт юм. Барилгын зураг төслийн ерөнхий удирдлагыг тухайн үеийн Улсын барилгын хэрэг эрхлэх газар, Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газар хариуцсан байна. Уг барилгыг Зөвлөлт Орос улсаас шууд хуулбарласан төрхтэй гэж үзэх аргагүй бөгөөд Монголын хот төлөвлөлтийн шийдэлтэй хослосон, европ маягийн сонгодог чиглэлтэй хэмээн үзэж болно.
Энэ барилгад Гадаад Харилцааны яам анх байрласнаас хойш 80 жил өнгөрсөн ч уг барилгын чансаа муудсангүй, архитектур дизайнаараа гайхуулсаар байгаа юм.
Энэ барилга Монголын гадаад бодлогын маш олон түүхэн шийдвэрийн гэрч болжээ. Энд манай улсын Гадаад харилцаатай холбоотой олон түүхэн баримтыг хадгалж буйгаас Монгол Улс НҮБ-д элсэх үйл явцын баримтууд юм. 1945 оны Бүх нийтийн санал асуулгын материал ч хадгалагддаг. Түүнчлэн 1911 оноос хойших дипломат баримт бичгүүд, 1913 оны Сайн ноён хан Т.Намнансүрэнтэй холбоотой дипломат бичиг, баримтууд байгаа нь ихээхэн үнэтэйд тооцогдоно.
Чин Ван Ханддоржийн өргөө

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийн үйл ажиллагаатай холбоотой нэгэн дурсгалт байшин Улаанбаатар хотод байдаг. Чин ван Ханддорж 1913-1915 онд энэ байшинд амьдарч байжээ. 1915 оноос хойш энэ байшинг түүний хүү Жамбалцэрэн эзэмшиж байгаад Ардын засгийн эхний жилүүдэд 1922 оныг хүртэл хичээнгүй сайд Б.Цэрэндорж сууж байв. Улмаар 1923 онд уг байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд 1941-1948 онд тус улсын нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын дурсгалт барилга байшинг хамгаалах, сэргээн засахтай холбогдуулж гаргасан удаа дараагийн тогтоол шийдвэрийн дагуу улсын II зэргийн хамгаалалтад авчээ.
Чин ван Ханддоржийн байшин нь Монголын орон сууцны барилгын нэгэн чухал дурсгал бөгөөд төлөвлөлт, чимэглэлийн хувьд сүм дуганы барилгаас ялгаатай юм.
Байшин нь 7.5м x 16.0 м-ийн хэмжээтэй, тоосго, модон ханатай, модон дээвэртэй сууцны зориулалттай хоёр давхар, байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой зун суухад зориулсан ажээ. 1973 онд Дүрслэх урлагийн музейн харьяа Театрын музей болгон байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1975-1977 онд сэргээн засварласан боловч 1991 онд тухай үеийн Хүүхэд залуучуудын театрын “Саран хөхөө” гэр театр болсон. Тэгвэл 2011 онд тохиосон Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө цогцолборыг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглаж эхэлжээ. Түүнчлэн Ханддорж вангийн өргөөний хоёрдугаар давхарт гадаад харилцааны холбогдолтой үзмэрүүд байрлуулсан бөгөөд Чин вангийн эдэлж хэрэглэж явсан эд зүйлсээс дэлгэн харуулсан байна. Тус өргөөг дагалдуулан хүлээн авалтын зориулалттай хоёр гэр рестораныг байгуулжээ.
Чойжин Ламын сүм музей

VIII Богд Жавзандамба нь өөрийн дүү Лувсан Хайдавт (олноо Чойжин лам хэмээн алдаршсан) зориулан 1904-1908 онд лаврин, Чойжин ламын хоёр дахь сүм, орд лаврин, гэр тугдмын цогцолборыг Нийслэл хүрээний төв хэсэгт шинээр бариулжээ. Чойжин лам нь бурхны шашны хамгийн нууцлаг ёслол болох “Номыг тэтгэгч сахиус” буулгадаг эрдэм номтой, чойжин хүн байсан гэлцдэг. Сүмийн цогцолборт 1936 он хүртэл хурал хурж байгаад 1938 онд хаагджээ.
Уг сүмийг хэлмэгдлийн шуурганаас авч үлдэхийн тулд манай нэрт эрдэмтэд Чойбалсанд бараалхан “Уг сүмийг музей болгон авч үлдье. Монгол урчуудын урлан бүтээсэн түүх соёлын хосгүй үнэт бүтээлийг цуглуулан хадгаллаа. Гадныхан ирээд үзэхэд ч монголчууд шашны тамхинд хэр мунхарч байсны нотолгоо ч болно” гэж ятгаж байжээ. 1939 онд улсын 1-р зэргийн хамгаалалтад авснаар музей нэрээр хөндөлгүй үлдээж чадсан гэдэг. 1941 онд уг сүмийг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн бол 1942 оноос Шашны түүхийн музей болгож, 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил хийсний дараа тусгай зөвшөөрлөөр гадаадын зочдод үзүүлж байсан бол 1960 оноос ард иргэдэд нээлттэй болгожээ. Одоо энэ музейд Өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар бүтээсэн олон бүтээлээс эхлээд тухайн үед аймаг, хошуудаас цуглуулсан хосгүй нарийн урлалтай шашны эд хэрэгсэл, урлагийн бүтээлүүд байдгаараа онцгой юм.
Азийн соёлын өвд бүртгэлтэй УДЭТ

Нийслэлийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдийн санаачилгаар 1956 онд Залуучуудын ордон барих хөрөнгө хуримтлуулсан бөгөөд уг хөрөнгөөр барих ордны зураг төслийг монгол улсын ууган архитектор Б.Чимэд гаргасан бол А.Хишигт үндэсний уран барилгын түүхийг судалсан байна. Улмаар орон зайн багтаамж ихтэй дөрвөлжин хэв маягийг сонгож 52х52м байгуулалттай, 2200 хүний багтаамжтай, гурван том танхим бүхий барилгын зураг төслийг 1952-1954 онд боловсруулж, 1954-1956 онд Хотын барилга трестэд барьсан байна. Ийнхүү 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтанд оруулсан түүхтэй.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах энэхүү барилга нь Монголын өв уламжлал, үндэсний архитектурын хөгжлийн түүхийг харуулсан неоклассизмын төлөөлөл, сонгодог барилга төдийгүй гадна, дотор талыг үндэсний хээ угалз, хийц хэсэглэлээр чимэглэсэн, гол хаалгыг морины толгой бүхий бэлгэдлийн найман баганаар тулсан, тухайн үеийн шилдэг уран бүтээлчид оролцсон урлагийн бүтээл юм.
Азийн архитекторуудын холбооноос гаргасан Тунхаг бичигт заасан “Баригдаад 50, түүнээс дээш жил
болсон, түүхэн он цаг, соёл, урлагийн ач холбогдол, үнэ цэн, ур хийц, дахин
давтагдашгүй байдал” зэрэг шалгуурт нийцсэн Улсын драмын эрдмийн театрын барилгыг 2010 онд “Азийн архитектурын өв”-өөр бүртгэж “Arcasia Heritage” хэмээх хоёр боть номд хэвлэн баталгаажуулжээ.
Гэрлэх ёслолын ордон

Дэлхийд тусгайлсан хуримын ордонтой улс бол Монгол, ОХУ хоёр юм. 1976 оны зургаадугаар сарын 14-нд манай улсын Хуримын ордон анх үүдээ нээжээ.
Гэрлэх ёслолын ордон бол хийц ураараа ч, монголын хот тохижилтод ч онцгой содон шийдэлтэй гоёмсог барилга юм. Энэ ордныг гаднаас нь харахад энгийн модернист барилга шиг боловч дотор болон гадна нь Монголын уламжлалт бэлгэдэл, хэлбэрүүдийг уран гоё шингээсэн байдгаараа ихээхэн онцлог юм.
Төв хэсгийн пирамид дээвэр нь барилгын хамгийн содон шийдэл бөгөөд энэ нь Монголын сүм, дуганы орой дээрх ганжиртай төстэй харагддаг байна. Дөрвөлжин, геометрийн хэлбэрийн ерөнхий зохиомж нь 1970-аад оны модернист архитектурын шинжтэй. Фасад дээрх эвэр, алхан угалз нь монголын уламжлалт хээний нэг бөгөөд урт удаан нас, амар тайвныг бэлгэддэг аж.
Ордны суурийг Анастасия Иванова Цэдэнбал Филатовагийн санаачилгаар 1973 оны тавдугаар сарын 23-нд тавьсан бол зураг төслийг Москвагийн төлөвлөлтийн институтэд анх боловсруулсан байна. Хуримын ордны хаалганы загварыг Ардын зураач Д.Амгалан гаргаж, зургийн дагуу тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуулийн оюутнууд цоолборлон сийлжээ. Чулуун шигтгээт чимэглэлд С.Мөнхтогтох, П.Дамба, Р.Ганбат, Б.Сумдаарий зэрэг уран бүтээлч оролцсон байна. Хуримын ордныг нээлтээ хийсний дараа Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэдний хуриманд Ю.Цэдэнбал, түүний гэргий Филатова нар оролцон баяр хүргэж байсан төдийгүй Гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ баталсан анхны таван хосод Филатова гуай шинэ байр өгч, зүү утаснаас эхлээд хогийн тосгуурыг нь хүртэл бэлдэж өгч байсан гэдэг. Түүнээс хойш өнөөг хүртэл 35000 гаруй гэр бүл тус ордонд хуримаа хийжээ.
Дайчойлон хийд

Дашчойлон хийдийн хурал хурдаг гэр хэлбэрт модон дуганууд нь олон зууны өв уламжлалтай бөгөөд 1778-1903 онд барьжээ. Аймаг гэж нэрлэсний учир нь Богд хааны шашны захиргааны үндсэн нэгж бөгөөд аймаг бүр өөрийн дуган шүтээнтэй, түүндээ өдөр бүр хурал хурдаг байсан байна. Энэ дурсгалт барилга нь монгол үндэстний гэр хэлбэрийн модон дуган бөгөөд шовгордуу буюу бөмбөгөр оройтой дугуй хэлбэртэй сүм болно. Монгол хэлбэрийн дуган нь уран чимэглэлийн хувьд хятад барилгын хэлбэрээс өөр бөгөөд өлгөж зүүх, дүүжин чимэг, үндэсний хээ угалз ихтэй байдаг. Сүм дуганы дээврийг хятад маягаар пааландан ваар өрөхийн оронд зүсмэл банзаар бүрсэн онцлогтой. Энэ хийдэд Майдар эргэх, Хүрээ цам харайх тэргүүтэй олон уламжлалыг сэргээж, жил бүр хийдэг нь сүсэгтнүүдийн талархлыг хүлээдэг юм. “Дашчойлон хийдэд 23 метр өндөр Майдар бурхныг залсан. Шүншигт нь 100 ширхэг Ганжуурын боть, 10 ширхэг Данжуурын хөлгөн судрууд багтсан байдаг. Энд амьтай мэт "дагуулан хардаг" бурхны хөрөг, дэлхийд хамгийн том ширхэгтэй 108 үрэлтэй маанийн эрхи зэрэг олон гайхамшигт өв бий.