Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан эхэлж, 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эдгээрээс хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, түүний хэрэгжилтийн талаарх танилцуулга, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал олны анхаарлыг татаж байна.
COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтад орж, 14 хоног машинаа унаж чадаагүй иргэд, аж ахуйн нэгжийн ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хэдэн төгрөг хасах тооцооллыг гаргажээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 нь замын хөдөлгөөнд оролцдог байна.
Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтын хоногийн тоогоор төлбөрийг буцаан олгох тооцооллоор хоногт 300.8 сая төгрөг, 14 хоногт 4.2 тэрбум, 30 хоногоор тооцоход 9.0 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс буцаан олгох бөгөөд татвар төлөгчдийн хувьд тээврийн хэрэгслийн төрлөөс хамааран нэг хоногт 274-1370, 14 хоногт 3836-19180, нэг сард 8220-41100 төгрөгийг буцаан авах буюу ирэх оны авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлнө гэж тогтоолын төсөлд тусгажээ. Харин уг хөнгөлөлт дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, “тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, хүүхэд зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаарахгүй аж.
Уг тогтоол нь иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санхүүгийн зохицуулалт учир автомашины улсын дугаарын хязгаарлалтыг цуцалж байгаа хэрэг биш гэдгийг төсөлд дурджээ. Тогтоолын төслийг дээрх байдлаар, эсвэл өөрчлөлт оруулах эсэх эцсийн шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид гаргаж, батлах юм байна.