Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. “Бостон” багийн довтлогч асан, Олимпын наадмын хошой аварга, Стэнлийн цомын эзэн Патрис Бержерон Хоккейн алдрын танхимд нэрээ мөнхөлжээ. Түүний нэрийг залах ёслолын ажиллагаа мягмар гарагт шилжих шөнө Канадын Торонто хотод болсон байна.
П.Бержерон, Кэри Прайс, Пекка Ринне, Кит Ткачук болон эмэгтэй хоккейчин асан Синди Карли нарыг “Тоглогч” ангиллаар Хоккейн алдрын танхимд нэрийг нь мөнхлөхөөр болсон тухай өнгөрсөн зургаадугаар сард мэдээлж байв. Харин “Удирдах ажилтан” ангилалд Брайан Бурк алдрын танхимд заларчээ.
П.Бержерон бол Олимпын наадмын алтан медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түрүү, Стэнлийн цомыг хүртсэн хоккейчдоос бүрддэг “Гурвалсан алтан клуб”-ийн гишүүн юм. Тэрбээр “Бостон” багийн бүрэлдэхүүнд 2011 онд Стэнлийн цом, 2010, 2014 онд Олимпын наадмын алтан медаль, 2004 онд дэлхийн аваргын цомыг хүртжээ. Түүний “Бостон” багт 2003-2023 онд тоглохдоо өмсөж байсан 37 дугаарыг багийнхан нь дахин ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Хаалгач К.Прайс замналынхаа турш “Монреаль” багт хүчин зүтгэж, 2021 онд Стэнлийн цомын төлөөх финалд шалгарч байв. П.Ринне “Нэшвилл” багт 15 жил тоглосон бөгөөд 2018 онд улирлын шилдэг хаалгачаар шалгарч байлаа.
К.Ткачук 1996 онд Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, 2002 оны Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр 1996-1997 оны улиралд 52 гоол оруулж, Хойд Америкийн мэргэжлийн хоккейн лигийн улирлын мэргэн буучаар тодорсон АНУ-д төрсөн анхны тоглогч болжээ.
С.Карли 1990 оноос эхлэн зургаан жилийн турш АНУ-ын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багийн ахлагчаар ажиллаж, багаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа мөнгөн медаль хүртэхэд хувь нэмэр оруулсан байна. Тэрбээр мөн 1984, 1985 онд Оюутны спортын үндэсний холбооны аварга болж байжээ.
Б.Бурк “Ванкувер” клубийн ерөнхийлөгч, ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд удирдах албан тушаал хашиж байхдаа 2007 онд “Анахайм” багийг Стэнлийн цом хүртэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр мөн 2010 оны Олимпын наадамд АНУ-ын шигшээ багийн ерөнхий менежерээр ажилласан бөгөөд тус баг мөнгөн медаль хүртсэн билээ.