Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Арвайхээр, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. “Өөрийнхөө хийсэн хоолыг ид, өөрийнхөө хийсэн хувцсыг өмс, өөрийнхөө нутагт амьдар” гэж Чингис хаан хэлсэн хэмээн хүмүүс эш татаж байдаг даа.
Миний хувьд энэ нь үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр амьдралаа авч явахын үнэ цэн, тусгаар тогтносон улс эх орныхоо жинхэнэ эзэн байхын утга учир гэж ойлгодог.
Оюутан байхдаа л би сарлагийн хялгасаар өвөрмөц загвартай цүнх хийж барьдаг байлаа. Тэр үед оюутнууд намайг нэрээр минь гэхээсээ илүү барьж явдаг цүнхээр минь таньдаг байсан юм. Нэг удаа хар сарлагийн хялгасаар хөндлөн цагаан судал гаргаж, мөнгөн тоног, эрдэнийн чулуугаар чимэглэсэн цүнх урлаад барьж явтал сарлаг судлаач С.Доёддорж гуай тааралдаад “Алив, охин минь цүнхийг чинь үзье” гэлээ.
Тэгээд цүнхийг минь нэлээд үзэж байснаа “Чи их чухал зүйл хийжээ. Наадахдаа оюуны өмчийн гэрчилгээ авах хэрэгтэй” гэж зөвлөснийх нь дагуу Оюуны өмчийн газарт хандаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байсан доктор, профессор Ж.Батсуурийн гарын үсэгтэй патент авч байлаа. Тэр үед элчин сайд нар, дарга нарын эхнэрүүдээс захиалга авч, сарлагийн хялгасан цүнх урладаг байсан. Аав, нөхөр хоёр маань мана, гартаам зэрэг чулууг зүсэж өнгөлөн, мөнгөн тоноглол хийж өгнө. Бид хамтдаа цүнхнийхээ загвар, хийцийг улам нарийсгаж, чамин тансаг, цор ганц, давтагдашгүй бүтээлүүд урлах гэж хичээдэг байсан.
Би аав, ээжээсээ зурах, урлах, оёж хатгах авьяас өвлөсөн юм. Аав минь зураач, сийлбэрч, түүхч Г.Намхайдагва, ээж минь П.Янжинлхам гэж уран гартай хүн байлаа.
Эсгий урлал бол монголчуудын өв соёл, уламжлалт ур ухааны нэг илэрхийлэл. Өвөг дээдэс маань дэлхий дахинд нөлөөгөө тэлж, Монголын эзэнт гүрэн хүчирхэгжиж байсан цаг үед эсгий урлалын соёлыг олон улс оронд түгээн дэлгэрүүлж байжээ. XIII зуунд монгол хүн бүрийн чаддаг байсан энэ урлалыг өнөөдөр ч хүн бүр сурч, өвлөн уламжлаасай гэж хүсдэг.
“Хангайн сор” брэндийг үүсгэн байгуулагч, театрын зураач, урлаач Н.Болормаа