Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Математик, статистикийн сургуулийн декан асан, доктор, профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн V олимпиад болж, аваргуудаа тодрууллаа.
Улсын олимпиадын өмнөх гол бэлтгэл шат болдог, өндөр чансаатай, нэр хүндтэй уралдааны нэг тус олимпиадад Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул, Булган, Өмнөговь, Баянхонгор, Төв аймгийн II-XII ангийн 2500 орчим сурагч, бага, дунд ангийн 70 гаруй багш оролцож математикийн мэдлэг, чадвараа сорьсон байна.
Олимпиадын 2-р ангид 346, 6-р ангид 324 сурагч оролцсон нь хамгийн олон оролцогчтой ангилал болжээ.
Профессор Б.Сандагдоржийн нэрэмжит математикийн олимпиадыг анх 2022 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд жил ирэх тусам хамрах хүрээ нь өргөжиж, II-XII ангийн сурагчдаас гадна математикийн багш нарын дунд нэр хүндтэй тэмцээний нэг болсон байна.
Олимпиадыг “Балдоржийн Сандагдорж сан”, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль, Математикийн тэнхим, тус сургуулийн математикийн ангийн 1999, 2025, математик-физикийн ангийн 2003, 2007 оны төгсөгчид хамтран ивээн тэтгэж зохион байгуулжээ.
Олимпиадад амжилттай оролцсон сурагчид 25 алт, 45 мөнгө, 63 хүрэл медаль, 83 тусгай байрт шалгарч, нийт 216 шагнал хүртжээ. Үүнээс Сант сургууль 27 медаль (5 алт, 12 мөнгө, 10 хүрэл), 1-р сургууль 27 медаль (3 алт, 9 мөнгө, 15 хүрэл), Соёмбо сургууль 11 медаль (4 алт, 3 мөнгө, 4 хүрэл), 11-р сургууль 11 медаль (2 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн байна.
Орон нутгаас оролцогчдоос медаль хүртсэн болон тусгай байрт шалгарсан сурагчдыг танилцуулъя.
Мөнгөн медаль
• Ж.Билгүүнтөгс (Өвөрхангай аймгийн “Тэмүүлэл-Эрдэм” сургууль, 3-р анги)
• Х.Болдбаатар (Архангай 1-р сургууль, 3-р анги)
• С.Жавхлантөгс (Өвөрхангай аймгийн Хархорин сумын гүнзгий сургууль, 9-р анги)
• Ц.Төгсбилэг (Баянхонгор аймаг, 10-р анги)
• Ц.Дагвацэнд (Булган Рашаант ЕБС-ийн дунд ангийн багш)
Хүрэл медаль
• Б.Гэрэлтуяа (Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р сургууль, 2-р анги)
• Б.Марал (Дархан-Уул аймгийн “Цайхун” сургууль, 2-р анги)
• А.Гантулга (Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р сургууль, 3-р анги)
• А.Золбоо (Архангай аймгийн Өлзийт сумын ЕБС, 5-р анги)
• Г.Бадамхатан (Архангай аймгийн Цэцэрлэг сумын 2-р сургууль, 6-р анги)
Тусгай байр
• П.Гэгээнбилиг (Орхон аймгийн “Хасү” сургууль, 2-р анги)
• Х.Эрхэмхүслэн (Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 2-р анги)
• Э.Ирмүүн (Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 2-р сургууль, 4-р анги)
• Э.Азбаяр (Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС, 4-р анги)
• Г.Баян-Очир (Өвөрхангай аймгийн “Тэмүүлэл-Эрдэм” сургууль, 5-р анги)
• Ц.Ганди (Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 8-р анги) нар хүртсэн байна.
МУБИС-ийн профессор Б.Сандагдорж нь Монголын математикийн олимпиадын зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллахын сацуу хүүхэд багачууд, багш нарыг олимпиадад бэлтгэх ажилд шамдан оролцдог.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 2007 онд зохиосон олон улсын математикийн 48 дугаар олимпиадад Монголын багийн орлогч даргаар ажилласан бөгөөд тухайн үед Монголын баг хоёр мөнгө, нэг хүрэл хүртжээ. Түүнчлэн ХБНГУ-д 2009 онд болсон олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.










