Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

МАДРИД, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /ТАСС/. Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээний IV тойрогт Парис хотын “Пари Сен-Жермен” багийн хөлбөмбөгчид Испанийн “"Вильярреал" багийг талбайд нь 6:0 харьцаагаар буулган авлаа.
Гоолуудыг Жоау Невеш (9 дэх минут), Дезире Дуэ (12), Сенни Меюлю (13), Фабиан Руис (17, 50), Давид Боли (78) нар оруулжээ. Ингэхдээ 17 минутын хугацаанд дөрвөн гоол оруулсан нь тус лигийн түүхэн дэх дээд амжилт болов. Өмнө нь 2011 оны 11 дүгээр сард Испанийн “Реал” баг тоглолт эхэлснээс хойш 20 минутын хугацаанд Загребын “Динамо” багийн хаалганд 4 гоол оруулснаар хамгийн богино хугацаанд олон гоол оруулсан дээд амжилтыг тогтоож байсан юм.
Ийнхүү ПСЖ баг 12 оноотой болсноор Аваргуудын лигийн тэмцээний хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бөгөөд дараагийн тойрогт энэ сарын 25-ны өдөр Италийн “Рома” багийг талбайдаа хүлээн авна. Өмнөх тойргуудад тус баг талбайдаа Словакийн “Слован” багийг 6:1-ээр, Испанийн “Барселона”-г 4:2-оор, мөн Английн “Манчестер Сити”-г талбайд нь 4:2-оор буулган авсан юм.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.