Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клубийн тамирчин, 17 настай Г.Ариунхүслэн Сенегал Улсад болж буй “Дакар-2026” Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцож, дугуйн спортын эмэгтэйчүүдийн засмал замын төрөлд өрсөлдлөө.
Тэрбээр Залуучуудын олимпын наадамд дугуйн спортын эмэгтэй төрөлд Монгол Улсаас оролцсон анхны тамирчин гэдгээрээ онцлог юм.
Г.Ариунхүслэн дасгалжуулагч М.Нямлхагвын удирдлага дор дугуйн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд ур чадвар, тэсвэр хатуужлаа хөгжүүлж, олон улсын олимпын наадамд оролцох хэмжээнд хүрчээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн бөөн гараатай засмал замын уралдаанд 42 тамирчинтай хамт 59.5 км зайд өрсөлдсөн бол ганцаарчилсан цагийн уралдааны 8.5 км замыг 14 минут 33.40 секундэд туулж, 41 тамирчнаас 36 дугаар байрт шалгарсан байна.
Сэлэнгэ аймгийн клубээс спортын замналаа эхэлсэн залуу тамирчны олимпын наадамд оролцсон нь орон нутагт дугуйн спортоор хичээллэж буй өсвөр үеийнхний хувьд үлгэр дуурайл болохуйц үйл явдал боллоо.
Энэ удаагийн наадам Г.Ариунхүслэнгийн хувьд олон улсын өрсөлдөөний туршлага хуримтлуулж, ур чадвараа ахиулах чухал алхам болов.