Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн төв Сүхбаатар суманд барьсан 70 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.
Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлэх, Сүхбаатар сумын дулаан хангамжийг нэмэгдүүлэх зорилготой уг станц нь Сэлэнгэ аймгийн эрчим хүчний дэд бүтцийг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Станц нь тус бүр 35 МВт-ын хүчин чадалтай хоёр блоктой бөгөөд жилд 489.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Үүнээс 440.2 сая кВт.ц цахилгааныг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж, мөн жилд 373 мянган Гкал дулаан түгээх хүчин чадалтай юм.
Ингэснээр Сэлэнгэ аймагт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нэгдсэн сүлжээнд нийлүүлэхийн зэрэгцээ Сүхбаатар хотын дулаан хангамжийг найдвартай, тогтвортой болгох боломж бүрдэж байна. Тус хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, цаашдын үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууцны хөгжлийг дэмжихэд шинэ станц чухал үүрэг гүйцэтгэх юм.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт
Төслийн
бүтээн байгуулалтыг 2024 оны тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн
хугацаанд үндсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг
гүйцэтгэж, технологийн анхны галыг 2026 оны наймдугаар сард асаажээ.
Станцын үйл ажиллагаанд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, агаарын бохирдлыг хянах орчин үеийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлж байна. Тухайлбал, Монгол Улсад анх удаа ашиглаж буй, хорт утааг 99 хүртэл хувиар шүүх хүчин чадалтай карбон яндангийн технологийг нэвтрүүлж байгаа нь төслийн онцлог юм.
Энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны стандарт, шаардлагыг хангах, агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэж байна.
Хувийн хэвшлийн 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт
Сэлэнгэ аймгийн дулааны цахилгаан станцын төсөл нь хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт юм. Төслийн нийт өртөг 150 орчим сая ам.доллар бөгөөд хэрэгжүүлэгчээр “Райд Монголиа” ХХК ажиллаж байна.
Төрөөс төслийг хэрэгжүүлэхэд бодлого, зохицуулалтын дэмжлэг үзүүлсний нэг нь станцын тоног төхөөрөмж, иж бүрдлийн импортын нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг бүрдүүлсэн явдал юм.
Эрчим хүчний салбарын шинэ эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулалтаар бий болгож буй энэхүү төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг харуулж байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох нь зөвхөн цахилгаан, дулааны хэрэглээг хангахаас гадна үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, ажлын байр, бүс нутгийн хөгжлийг дэмжих суурь нөхцөл болдог.
Сэлэнгэ аймагт ашиглалтад орж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станц нь Төвийн бүсийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулж, цаашдын хөгжлийн шинэ боломжийг нээж буй томоохон бүтээн байгуулалт болж байна.