Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өвөг дээдсийн оюун ухаан, амьдралын туршлага, монгол хүний сэтгэлгээ, ёс заншлыг шингээсэн ардын аман зохиол нь үндэсний хэл, соёлын үнэт өв билээ.
Энэхүү өвийг хүүхэд, багачуудын дунд түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор Шаамар сумын Соёлын төвийн номын сангаас “Эх хэл, соёлоо аман өвөөрөө дархалъя” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Аяны хүрээнд тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 1–12 дугаар ангийн сурагчдын дунд “Үлгэр, домог, ерөөл магтаалаа өвлүүлье” сэдэвт цахим уралдаан зохион байгуулж, таван ангийн 80 гаруй хүүхдийг хамруулсан байна. Уралдаанаар дамжуулан сурагчид ардын аман зохиолын баялаг сангаас суралцаж, монгол хэлний уран яруу илэрхийлэл, үгийн утга учир, уламжлалт зан заншил, өв соёлын үнэ цэнийг танин мэдэх боломж бүрджээ.
Уралдаанд Г.Уянга багштай 7а ангийн сурагч С.Цэцэнбилэг, О.Анужин, Э.Амин-Эрдэнэ нар “Галшарын магтаал”-аар тэргүүн байр эзэлсэн бол Д.Мөнх-Ундрах багштай 1а ангийн сурагч Э.Цэнгэл түргэн хэллэгээр дэд байрт шалгарчээ.
Монгол ардын магтаал нь уул ус, нутаг орон, байгаль дэлхий, мал сүрэг, хүний сайн сайхан чанарыг уран үгээр өргөмжлөн илэрхийлдэг уламжлалтай. Харин түргэн хэллэг нь хэл ярианы эв дүй, авиаг зөв тод хэлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хэлний үгийн баялаг, уран нарийн зохицлыг мэдрүүлдэг. Эдгээр аман өвийг хүүхэд багачууд сурч, цээжилж, утга агуулгыг нь ойлгон хэрэглэснээр зөвхөн хэл яриагаа хөгжүүлэх бус, үндэсний соёл, сэтгэлгээний уламжлалаа танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.
Уралдаанд амжилттай оролцсон болон идэвх санаачилга гаргасан анги, сурагчдыг урамшуулахад “Alphabook & Flower” ном, цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж, ном болон дурсгалын зүйлээр шагнасан байна. Энэ нь хүүхэд, багачуудын ном унших сонирхлыг дэмжихийн зэрэгцээ эх хэл, өв соёлоо судлан суралцах хүсэл эрмэлзлийг урамшуулсан ажил болжээ.
Ардын аман зохиол нь бичмэл эх сурвалжаас гадна ахмад үеэс үр хүүхдэдээ аман хэлбэрээр дамжуулан өвлүүлж ирсэн соёлын амьд уламжлал юм. Үлгэр домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэгийг хүүхэд багачууддаа зааж сургах, утга учрыг нь тайлбарлан таниулах нь монгол хэлний дархлааг бэхжүүлж, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.