Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёлоо дээдэлье. Өв соёлоо танин мэдэж, үр хойчдоо өвлүүлье” уриатай “Соёлын бүтээлч сар”, “Үндэсний бичиг соёл” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас эртний ном судрыг олон нийтэд сурталчлан таниулж байна. Энэ удаа Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй 1659 онд хэвлэгдсэн “Алтангэрэл” судрыг онцолж байна.
Академич Ц.Дамдинсүрэнгийн тэмдэглэснээр, “Алтангэрэл” судар нь Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хамгийн эртний хэвлэмэл буюу дармал ном юм. Махаяна ёсны буддын шашны сургаалын нэг болох энэхүү судрыг 1659 онд модон бараар хэвлэсэн бөгөөд монголчуудын ном хэвлэлийн эртний уламжлал, бичгийн соёлын хөгжлийг илтгэх ховор нандин дурсгалд тооцдог байна.
Монголчууд ном судрыг зөвхөн мэдлэг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус, оюун санааны боловсрол, ёс суртахууны хүмүүжил, амьдралын ухааныг өвлүүлэх чухал хэрэглүүр хэмээн дээдэлж иржээ. Эрт цагт судар номыг модон бараар хэвлэн олшруулж, сүм хийд, номын сан, айл өрхөд хадгалан, уншиж судалдаг байсан нь үндэсний бичиг соёлын салшгүй хэсэг юм.
“Алтангэрэл” судрын үнэ цэн нь шашны сургаал, агуулгаар хязгаарлагдахгүй. Тус бүтээл нь XVII зууны Монголын ном хэвлэлийн арга технологи, бичгийн хэлбэр, судар бүтээх ур чадвар, тухайн үеийн оюуны амьдралын талаар мэдээлэл өгдгөөрөө түүх, соёлын онцгой ач холбогдолтой.
Монгол Улсад төрийн байгууллагын дэргэд хэвлэх үйлдвэр байгуулж, машин тоног төхөөрөмж ашиглан ном, товхимол хэвлэх үйл ажиллагаа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа өргөжин хөгжсөн түүхтэй. Тухайн үед Гадаад яамны дэргэдэх хорголжин барын үйлдвэрт “Оюунтүлхүүр”, “Орчлон ертөнцийн байдал” зэрэг бүтээлийг хэвлэж байжээ. Харин 1926 онд хэвлэгдсэн “Монгол цагаан толгой” нь нэгдсэн хэвлэмэл цагаан толгойн сурах бичгийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг.
Ийнхүү XVII зууны модон барын хэвлэлээс эхлээд орчин үеийн хэвлэлийн үйлдвэр, сурах бичиг хүртэлх хөгжил нь монголчуудын ном хэвлэлийн соёл олон зууны турш хэрхэн баяжин хөгжсөнийг харуулж байна.
“Алтангэрэл” судрын оюун санааны өв, уламжлалт мэдлэг
Монголчууд “Алтангэрэл” судрыг эртнээс дээдлэн уншиж, сонсож, гэр орондоо залж ирсэн бөгөөд тус судрыг унших, сонсох нь хишиг буян арвижуулах, аливаа гай барцад, аюулаас хамгаалах, улс орон, ард түмний амар амгаланг бэлгэдэх оюун санааны ач холбогдолтой хэмээн сүсэглэдэг уламжлалтай.
• Хишиг буян, эд баялгийг бэлгэдэх: Сударт гардаг эдийн тэнгэрүүд, хишиг буяны тухай агуулгыг монголчуудын уламжлалт даллага авах зан үйл, элбэг дэлбэг амьдралыг бэлгэдэх ойлголттой холбон дээдэлж иржээ. Судрыг уншиж, залснаар хишиг буян арвижиж, олз омог дэлгэрнэ хэмээн сүсэглэдэг.
• Гай барцад, аюулаас хамгаалах: Аянга цахилгаан, гал усны аюул, өвчин эмгэг, ад зэтгэрийн хорлол болон цаг бусын аюулаас хамгаална хэмээн үздэг нь монголчуудын амар амгалан, сайн сайхныг эрхэмлэдэг уламжлалт сүсэг бишрэлийн нэг илэрхийлэл юм.
• Улс орон, ард түмний амар амгаланг бэлгэдэх: “Алтангэрэл” судрыг дээдлэн уншдаг газар нутагт номын сахиус, хамгаалагч тэнгэрүүд оршиж, ард иргэдийг харийн дайсан, гай зовлонгоос хамгаалан энх амгаланг тогтооно хэмээн уламжлан сүсэглэж ирсэн байна.
• Сэтгэл санааг ариусгах, сайн сайхныг эрхэмлэх: Судрыг унших, сонсох нь урьд насны нүгэл хилэнц ариусаж, муу заяанаас ангижран, сайн төрөл, сайн сайхныг олно хэмээн үздэг. Энэ нь хүнийг зөв үйлд уриалж, ёс суртахуун, энэрэл нигүүлсэл, сайн сайхныг эрхэмлэх оюун санааны хүмүүжилтэй холбогддог.
Эдгээр уламжлалт ойлголт нь монголчуудын шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, ёс заншилтай нягт уялдаж, үеэс үед уламжлагдан иржээ.