Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт энэ оны эхний гурван улиралд хүүхэд хамгааллын үйлчилгээнд 412 хүүхэд хамруулж, энэ чиглэлээр 18 удаагийн сургалт зохион байгуулан, 1894 иргэнд мэдээлэл өгчээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд дээрх сургалтуудыг зохион байгуулсан байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэхэд чиглэж буй юм.
Энэ хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 200 дуудлага иржээ. Тус утас нь хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх болон тусламж шаардлагатай нөхцөл байдлын талаар мэдээлэх, холбогдох байгууллагаас тусламж авах чухал суваг болдог.
Мөн гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр 16 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 3127 иргэнийг хамруулсан байна. Энэ нь гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, эерэг хүмүүжлийн арга барилыг төлөвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч оролцоог дэмжих зорилгоор найман удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 3297 хүүхдийг хамруулжээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхдүүдэд сонирхол, авьяасаа нээн хөгжүүлэх, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, нийгмийн идэвх оролцоогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн байна.