Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх зорилгоор гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд БНСУ-ын холбогдох байгууллагын судалгааны баг Мандал суманд ажиллаж, Монгол Улсад тохиромжтой үхрийн аж ахуйн технологи дамжуулах төслийн дараагийн шатны хэрэгжилтийн боломжийг судалж байгаа юм.
Тус төсөл нь КОПИА Монгол төвтэй хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын нөхцөлд тохирсон үхрийн аж ахуйн технологийг нутагшуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга барилыг боловсронгуй болгоход чиглэж байна. Төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтын хүрээнд БНСУ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн агентлагийн судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллаж, төслийг хэрэгжүүлэх орон нутгийн нөхцөл, боломж, хэрэгцээ шаардлагатай танилцаж байна.
Судалгааны багийнхантай хийсэн уулзалтад Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Я.Мөрөн, БНСУ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн агентлагийн дарга, мэргэжилтнүүд, Мандал сумын Засаг даргын орлогч Ж.Эрдэнэцогт, Тамгын газрын дарга Д.Лувсандагва болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Сэлэнгэ аймаг нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх өргөн боломжтой бүс нутаг бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэрлэлтэй уялдуулах, малын ашиг шим, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн чухал чиглэл юм. Иймд үхрийн аж ахуйн технологийг орон нутгийн байгаль, цаг уур, бэлчээр, тэжээлийн нөөц болон үйлдвэрлэлийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх нь цаашдын хөгжлийн бодит боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Төслийн дараагийн шатны сонгон шалгаруулалт, судалгааны үр дүн нь хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой технологи, арга туршлагыг тодорхойлоход чухал нөлөө үзүүлэх юм. Цаашид энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлийг дэмжих, малчид, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмэр оруулах юм.