Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ган-Өлзийн “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, дээд түвшний уулзалт, олон улсын чухал үйл явдлын үеэр гэрэл зургийн хальснаа буулгасан түүхэн агшнуудыг дэлгэн үзүүлж байна. Эдгээр бүтээлээр дамжуулан Монгол Улсын гадаад харилцааны өрнөл, дипломат хамтын ажиллагааны түүхийг олон нийтэд танилцуулж буй юм.
Үзэсгэлэнд Монгол Улсын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын тавцанд эх орноо төлөөлөн оролцсон түүхэн үйл явдлыг харуулсан 40 гаруй гэрэл зураг багтжээ.
Г.Ган-Өлзийн гэрэл зургууд нь төрийн айлчлал, дипломат уулзалтын түүхэн агшныг баримтжуулаад зогсохгүй тухайн үеийн онцлог, үйл явдлын өрнөл, ач холбогдлыг бодитоор харуулдгаараа онцлог юм.
“Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад үргэлжилнэ.
