Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газар тариалангийн хөгжилд чухал байр суурь эзэлж ирсэн Найрамдал сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус аж ахуй нь үр тарианы үйлдвэрлэл, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, тухайн үеийн хөдөө аж ахуйн томоохон үйлдвэрлэлийн нэгж болж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 376 дугаар тогтоолоор Түшиг сумын Зэлтэрийн сангийн аж ахуйн Цагааннуур тасгийг түшиглэн Найрамдал сангийн аж ахуйг байгуулсан байна. Үр тариа тариалах, нарийн ноост хонь үржүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн саалийн механикжсан ферм байгуулах зорилготой тус аж ахуй 1976 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлжээ.
Аж ахуйн төвийг тухайн үеийн ЗХУ-ын тусламжаар, Зөвлөлтийн барилгачид барьж байгуулсан нь хоёр орны хамтын ажиллагааны нэгэн илэрхийлэл байв. Харин шинэ аж ахуйн боловсон хүчнийг Зэлтэрийн сангийн аж ахуйн туршлагатай ажилтан, тариаланчид, Хархорины сангийн аж ахуйгаас ирсэн мэргэжилтнүүд, мөн ЗХУ болон дотоодын техник мэргэжлийн сургууль төгссөн залуусаар бүрдүүлжээ. Ийнхүү өөр өөрийн мэдлэг, туршлага, ур чадварыг нэгтгэсэн хамт олон бий болж, аж ахуйн үйлдвэрлэлийн суурийг тавьсан байна.

Найрамдал сангийн аж ахуй үр тарианы үйлдвэрлэлийн 10 бригад, Алтай үүлдрийн хонины үржлийн ферм, Сементаль үүлдрийн үхрийн саалийн механикжсан фермтэй байв. Үр тариа, мал аж ахуйг хослуулсан энэхүү бүтэц нь тариалангийн үйлдвэрлэлийг малын тэжээлийн нөөцөөр хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байжээ.
Тус аж ахуйн түүхэнд үр тарианы үйлдвэрлэлээр тогтоосон амжилтууд онцгой байр суурь эзэлдэг. Тухайлбал, 1983 онд 50 мянган тонн, 1985 онд 52.5 мянган тонн, 1988 онд 71.5 мянган тонн үр тариа хураан авч, тухайн үеийн үйлдвэрлэлийн өндөр үзүүлэлтүүдийг тогтоож байв. Ялангуяа 1988 онд нэг га-гаас 27.8 центнер ургац авсан нь аж ахуйн түүхэн дэх онцлох амжилтын нэг болсон байна.
Эдгээр амжилт нь Сэлэнгэ аймгийн үржил шимт хөрс, газар тариалан эрхлэх таатай нөхцөлийг ашиглан үйлдвэрлэлээ өргөжүүлсэн төдийгүй олон зуун тариаланч, малчдын хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хамтын ажиллагааны үр дүн байв. Сэлэнгэ аймаг өнөөдөр ч Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, үр тарианы үйлдвэрлэлийн түшиц нутаг хэвээр байгаа нь ийнхүү олон жилийн хөдөлмөр, туршлага, уламжлалтай салшгүй холбоотой.
Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих үед Найрамдал сангийн аж ахуй өмч хувьчлалын дагуу хэд хэдэн бие даасан аж ахуйн нэгж болон задарчээ. Үр тарианы бригадууд, ногоо, хадлангийн салбар, барилгын бригад, сорт сорилтын салбар, саалийн механикжсан ферм, мал аж ахуйн нэгжүүд тус тусдаа үйл ажиллагаа явуулах болсон байна. Гэсэн ч эдгээр нэгжийн суурь болсон үйлдвэрлэлийн дадлага, туршлага, хөдөлмөрийн уламжлал нь Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Найрамдал сангийн аж ахуйн 50 жилийн түүх нь зөвхөн нэг аж ахуйн нэгжийн үүсэл, хөгжил, өөрчлөлтийн түүх бус, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарын хөгжил, үе үеийн тариаланч, малчдын хөдөлмөр, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжилтэй холбогдох түүхэн үйл явдал юм.