Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нутгийн оюутан” хөтөлбөрийн эхний ээлжийн тэтгэлгийн батламжийг өнөөдөр гардууллаа.
Хөтөлбөрт хамрагдсан оюутан бүрд 5 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. Энэ нь залуусын сургалтын төлбөрийн санхүүгийн ачааллыг бууруулж, сонгосон мэргэжлээрээ чанартай боловсрол эзэмшихэд нь бодит дэмжлэг болох юм.
“Нутгийн оюутан” хөтөлбөр нь зөвхөн оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна аймгийн хөгжлийн хэрэгцээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тухайлбал, орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлж, тэдгээрийн тогтвортой хангамжийг бий болгоход чиглэж байна.
Мөн хөтөлбөр нь залуусыг сургуулиа төгссөний дараа төрөлх нутагтаа ажиллаж, амьдрах боломжийг нэмэгдүүлж, эзэмшсэн мэдлэг, ур чадвараа аймгийнхаа хөгжилд зориулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Ийнхүү орон нутгийн хүний нөөцийн хэрэгцээг боловсролын дэмжлэгтэй уялдуулан, ирээдүйд шаардлагатай мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж буйгаараа ач холбогдолтой юм.