Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сүхбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар-2026” аяны эхний долоо хоногийн “Үндэсний бичиг, соёл” чиглэлийн хүрээнд үндэсний бичиг, ном, утга зохиол, хэл, өв соёл, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей монголчуудын бичиг үсгийн үүсэл, хөгжил, түүхийн талаар толилуулж байна.
Монголчууд эртнээс бичиг үсгийн баялаг уламжлалтай ард түмэн. Түүхийн урт хугацаанд нийгмийн хөгжил, соёл, шашин шүтлэг, төрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн бичиг үсэг зохион хэрэглэж иржээ. Тэдгээрийн дотроос Тод бичиг, Соёмбо үсэг, Эвхмэл бичиг, Латин үсэг, Кирилл үсэг нь монголчуудын бичгийн соёлын хөгжилд өөр өөрийн онцгой байр суурь эзэлдэг.
-Тод бичиг нь 1648 онд Ойрадын их эрдэмтэн, соён
гэгээрүүлэгч Зая бандид Намхайжамцын зохиосон бичиг юм. Тэрбээр уламжлалт
монгол бичгийн зарим үсгийн дуудлага, бичлэгийн зөрүүг багасгаж, ойрад аялгууг
илүү тодорхой тэмдэглэх зорилгоор уг бичгийг боловсруулжээ.
Тод бичиг нь монгол бичгээс гаралтай боловч эгшиг авиаг ялган тэмдэглэх, үгийн дуудлагыг илүү нарийн илэрхийлэх онцлогтой. Иймээс “Тод” хэмээн нэрлэсэн бөгөөд ойрад монголчуудын хэл, соёл, шашин, утга зохиолын бүтээлүүдийг тэмдэглэн үлдээхэд өргөн хэрэглэж байв.
Энэ бичгээр буддын шашны судар ном, түүхэн сурвалж, захидал харилцаа, уран зохиолын олон бүтээл туурвижээ. Өнөөдөр ч БНХАУ-ын Шинжаан зэрэг газарт амьдардаг зарим ойрад монголчуудын дунд хэрэглэгдэж байгаа нь түүний үнэ цэн, өв уламжлалыг илтгэнэ.
-Соёмбо үсэг нь Монголын шашин, соёл, оюун санааны
түүхэнд онцгой байр суурьтай бичиг юм. 1686 онд Монголын анхдугаар Богд Өндөр
гэгээн Занабазар уг бичгийг зохиожээ.
Соёмбо үсгийг зохиохдоо санскрит, төвд зэрэг хэлний бичгийн уламжлалыг харгалзан үзэж, монгол хэлний авиаг тэмдэглэхэд тохируулсан байна. Энэ бичгээр монгол хэлнээс гадна санскрит, төвд хэлийг тэмдэглэж байжээ.
Соёмбо үсгийн хамгийн онцлог зүйл нь үсэг бүрийн бүтцэд дүрслэлийн шинж, бэлгэдэл шингэсэн байдаг. Түүний анхны тэмдэг болох Соёмбо нь гал, нар, сар, гурвалжин, тэгш өнцөгт зэрэг дүрслэлээс бүрддэг бөгөөд монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдэл, мөнх оршихуйн бэлгэдэл болон уламжлагджээ.
Өнөөдөр Монгол Улсын төрийн далбаанд дүрслэгдсэн Соёмбо тэмдэг нь үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийг илэрхийлдэг. Ийнхүү Соёмбо үсэг нь зөвхөн бичгийн дурсгал төдийгүй монголчуудын оюун санаа, төр ёсны бэлгэдэл болон үлджээ.
-Эвхмэл
бичиг нь монгол бичгийн үсгийг
ердийн бичлэгээс өөр хэлбэрээр эвхэж, нугалж, хээ угалз болгон урласан уран
бичлэгийн нэгэн төрөл юм.
Монголчууд бичиг үсгийг зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл төдийгүй гоо зүйн урлаг, уран сайхны илэрхийлэл болгон хөгжүүлж ирсний нэг жишээ нь эвхмэл бичиг юм. Үсгийн зураасыг дугуй, дөрвөлжин, угалзлан эвхэж, нийлүүлэн урласнаар өвөрмөц дүрс, хээ бүтээдэг онцлогтой.
Эвхмэл бичгийг гол төлөв тамга тэмдэг, сүлд, хаяг, зарлиг захирамж, гоёл чимэглэл, урлагийн бүтээлд ашиглаж байжээ. Тухайлбал, дөрвөлжин, дугуй, угалзан хэлбэрээр урласан бичиг нь тухайн үеийн монголчуудын уран бичлэгийн ур чадвар, гоо зүйн сэтгэлгээг илтгэдэг.
Энэ нь бие даасан цагаан толгой гэхээс илүү монгол бичгийн уран сайхны хэлбэр бөгөөд бичгийн соёл урлагтай хэрхэн нягт холбогдож ирснийг харуулсан өв юм.
-Латин үсэг Монголчууд XX зууны эхэн үеэс бичиг үсгийн
шинэчлэл, бүх нийтийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд
латин үсгийг хэрэглэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.
1930 оны хоёрдугаар сард болсон МАХН-ын VIII их хурлаар монгол бичгийг халж, латин үсгийг монгол хэлэнд тохируулан хэрэглэх шийдвэр гаргаснаар шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил өрнөсөн байна.
Үүний хүрээнд латин үсэгт суурилсан монгол цагаан толгой, зөв бичих дүрэм боловсруулж, сурах бичиг, хэвлэлийн материал бэлтгэх ажил хийгджээ. 1940-өөд оны эхээр латин үсэг хэрэглэхээр төлөвлөж, тодорхой хугацаанд сургалт, хэвлэлд нэвтрүүлэх ажил өрнүүлсэн боловч энэ шилжилт удаан үргэлжлээгүй юм.
1941 онд латин үсгээс татгалзан кирилл үсэгт шилжих шийдвэр гаргаснаар латин үсгийг төрийн албан ёсны бичиг болгох төлөвлөгөө хэрэгжээгүй.
Хэдийгээр богино хугацаанд хэрэглэгдсэн ч латин үсэг нь Монголын бичиг үсгийн шинэчлэлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн чухал үе шат юм.
-Кирилл үсэг нь Монгол Улсад 1946 оны нэгдүгээр сарын
1-нээс төрийн албан хэрэг, хэвлэл мэдээлэлд хэрэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг
хүртэл монгол хэлний үндсэн бичиг болон ашиглагдаж байна.
Энэхүү үсэг нь IX зуунд славян хэлтэн ард түмний дунд үүссэн бөгөөд Монгол Улс орос кирилл цагаан толгойд тулгуурлан монгол хэлний авианы онцлогт тохируулан шинэчилж хэрэглэжээ.
1941 онд кирилл үсэгт шилжих шийдвэр гарч, цагаан толгой, зөв бичих дүрэм, сурах бичиг боловсруулах ажил эхэлсэн. Улмаар 1945 оны тавдугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх хэвлэл, улсын албан хэргийг шинэ үсгээр явуулахаар тогтсон байна.
Кирилл үсэгт шилжсэнээр бүх нийтийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, сургалт боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Монгол хэлний авианы онцлогт тохируулсан цагаан толгой нь ард иргэдийг бичиг үсэгт сургах, мэдлэг мэдээллийг түгээх үйл явцыг хурдасгасан юм.
Өнөөдөр кирилл үсэг нь Монгол Улсын өдөр тутмын харилцаа, боловсрол, шинжлэх ухаан, төрийн албан хэрэгт өргөн хэрэглэгдэж байгаа бол үндэсний монгол бичгийг сэргээн сургах, түгээн дэлгэрүүлэх ажил мөн эрчимжиж байна.