Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 10 /Kazinform/. Энэ оны Букерийн шагналыг Их Британийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Майкл Жон Харрисон хүртлээ. Шүүгчид түүний ирээдүйд хүн төрөлхтөнд тохиох сүйрлийн тухай өгүүлсэн “The End of Everything” ("Бүх зүйлийн төгсгөл”) романыг шилдгээр шалгаруулжээ.
Өдгөө 81 настай М.Ж.Харрисон Букерын шагналыг хүртсэн хамгийн ахмад зохиолч болж байна. Өмнө нь энэхүү шагналыг хамгийн өндөр насандаа хүртэж байсан зохиолч бол Маргарет Этвуд юм. Тэрбээр 2019 онд 79 настайдаа уг шагналын эзнээр тодорч байжээ. М.Ж.Харрисон мөн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын ертөнцөөс Букерын шагнал хүртсэн анхны зохиолч болж байна.
М. Жон Харрисон нэрээрээ танигдсан тэрбээр 1960-аад оноос шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын “New Worlds” сэтгүүлд бүтээлээ нийтлүүлж, хожим нь тус сэтгүүлийн утга зохиолын редактораар ажиллаж байжээ.
Тэрбээр нийт 13 роман туурвиснаас хамгийн алдартай нь “Viriconium” (“Вирикониум”) цуврал, “Light” (“Гэрэл”), “Nova Swing” (“Нова Свинг”) романууд юм. Харрисон өөрийн уран бүтээлийг ямар нэгэн төрөл жанрт хамааруулах дургүй ч утга зохиол судлаачид түүнийг "шинжлэх ухааны зөгнөлт уран зохиолын титан" хэмээн нэрлэдэг.
Букерийн шагналыг хүртсэн "Бүх зүйлийн төгсгөл” романых нь үйл явдал учир битүүлэг сүйрэл тохиож, нийгмийн тогтолцоо нуран унасаны дараах ойрын ирээдүйд өрнөнө. Зохиолч уг гамшгийн өмнө болсон үйл явдлуудыг дэлгэрэнгүй дүрслэхээс зориуд зайлсхийсэн бөгөөд ингэснээр уншигчид зохиолын баатруудын нэгэн адил төөрөгдөл, учир нь үл ойлгогдох нөхцөл байдлыг мэдрэх ажээ.
Букерийн шагналыг 1968 онд бий болгож, 1969 оноос гардуулж эхэлжээ. 2013 оныг хүртэл тус шагналыг Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн орнууд, Ирланд эсвэл Зимбабвед оршин суудаг зохиолчдод олгодог байв. Хожим нь Их Британид хэвлэгдсэн, англи хэлээр бичсэн бүтээлээрээ бусад орны зохиолчид мөн нэр дэвших боломжтой болсон байна. 2025 оны Букерийн шагналыг Унгар-Их Британийн зохиолч Дэвид Салэй “Flesh” романаараа хүртжээ.
Шагналын эзэн 50 мянган фунт стерлинг буюу 66.7 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэнэ.