Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
БРЮССЕЛЬ, 2026 оны аравдугаар сарын 28 /Euronews/. Дуу чимээ ихтэй салют буюу пиротехникийн хэрэгслийг хориглох эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга пүрэв гарагт Швейцарт болох гэж байна.
Саяхан явуулсан санал асуулгаар иргэдийн 69 хувь нь салют буудуулахыг хориглохыг дэмжсэн байна. Амьтан хамгаалах болон байгаль орчныг хамгаалах байгууллагуудын дэвшүүлсэн саналын дагуу дуу чимээ ихтэй пиротехникийн хэрэгслүдийг худалдан борлуулах, хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглохоор төлөвлөж байгаа бол бенгалын гал, галт цэцэгт оргилуур зэрэг дуу чимээ багатай хэрэгслүүдийг хориглохгүй ажээ.
Кантонууд буюу мужуудын эрх баригчид Швейцарын Үндэсний эв нэгдлийн өдөр, Шинэ жил зэрэг томоохон баяруудын үеэр пиротехникийн хэрэгслүүдийг хориглохгүй байж магадгүй байна.
Санал асуулга явуулахыг санаачилсан хүмүүсийн үзэж байгаагаар, дуу чимээ ихтэй пиротехникийн хэрэгслүүд нь гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдыг стресс, сандрал оруулж, хүрээлэн буй орчныг бохирдуулж, гал түймэр дэгдэх, гэмтэж бэртэх эрсдэлийг бий болгож байна.
Швейцарын Холбооны цагдаагийн газрын мэдээлэлд дурдсанаар, орон даяар жилд 1-2 мянган тонн пиротехникийн хэрэгслийг хэрэглэж байгаагийн улмаас 200-400 тонн хатуу тоосонцор агаарт цацагдаж байна.
Энэ сарын 23-нд Швейцарын өргөн нэвтрүүлгийн корпорациас явуулсан санал асуулгын дүнг үзвэл, оролцогчдын 69 хувь нь салют буудуулахыг хориглохыг дэмжсэн бол 29 хувь нь эсрэг санал өгчээ.
Харин пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэн борлуулдаг компаниуд, зарим улс төрийн хүчнийхэн хязгаарлалт тогтоох нь уламжлал, бизнес, иргэдийн эрх чөлөөнд халдсан хэрэг хэмээн эсэргүүцсэн байна.
Амьтан хамгаалах болон байгаль орчныг хамгаалах байгууллагуудын санаачилгыг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн тохиолдолд дуу чимээ ихтэй пиротехникийн хэрэгслийг хэрэглэхийг орон даяар хориглох ажээ.
Өнгөрсөн шинэ жилээр Швейцарын баруун өмнөд нутагт орших Кран-Монтана цанын баазын Le Constellation гэдэг бааранд гал түймэр дэгдэж, олон хүн амиа алдаж, түлэгдэж бэртсэн салют буудуулснаас үүдэлтэй байсан билээ.