Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /ТАСС/. Сингапурт бүртгэлтэй компанид ашгаа бүртгүүлэн тайлагнаснаар Америкийн Apple компани 2026 онд 2.7 тэрбум ам.доллар хэмнэсэн тухай тус компанийн жилийн тайлангийн өгөгдлүүдээс эш татан Файнэншл Таймс сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, санхүүгийн тайлан гаргаж ирүүлэхтэй холбоотой шинэ шаардлагууд АНУ-д хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр Америкийн компаниудын гадаадад бүртгүүлэн тайлагнасан ашгаас авах татварын хэмжээ нь АНУ-ын холбооны 21 хувийн татвараас зөрүүтэй байгаа тохиолдолд энэ тухай мэдэгдэх ёстой болжээ.
Apple компанийн хувьд Сингапур нь татварын диваажин болсон бөгөөд энэ онд тус улсад 50 тэрбумын ашгаа бүртгүүлснээр АНУ-д төлөх ёстой татвараас 2.7 тэрбум доллароор бага хэмжээний татвар төлсөн байна. Энэ үзүүлэлтээр Сингапур улс Ирландаас илүү таатай нөхцлийг санал болжээ. Өмнө нь Apple компани Ирландад 2.6 тэрбумаар бага татвар төлсөн аж. Нийтдээ Apple компани 2026 онд 27 тэрбум долларын татвар төлсөн бол АНУ-д 33 тэрбумыг төлөх байв.
Татварын диваажингуудыг ашигладаг гэдгээрээ тус компани эрх баригчдын анхаарлыг татсаар байгаа юм. Apple нь Ирландад тогтоосон татварын хөнгөлөлтийг хууль бусаар ашиглаж байсан гэдгийг 2016 онд Европын комисс тогтоосны дараа тус компани татварын өрийн нөхөн төлбөрт тооцон 13 тэрбум долларыг Ирландын талд шилжүүлжээ.
Гэсэн хэдий ч Ирланд улс нь Apple-ийн хувьд татварын диваажин хэвээр байгаа бөгөөд компанийн ашигт нэмэлт татвар /top-up tax/ ногдуулсан тохиолдолд ч гэсэн Сингапур дахь татварын дарамт АНУ-ынхаас бага байгаа юм.