Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 2026 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 149.1 сая төгрөг баталсан. Энэ хүрээнд тоног төхөөрөмж худалдан авахад 23.6 сая төгрөг зарцуулж, 25 өрхөд 50 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүллээ.
Тодруулбал, өрх тус бүрд хоёр сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, түүхий эд, материал олгож, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл дэмжлэг авсан өрхүүд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж өрхийнхөө орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээгээр нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, амьдрах ухаанд сургах, өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг зорьж буй. Тиймээс аймгийн хэмжээнд зорилтот бүлгийн 100 өрхөөс 50 өрхийг сонгон хөгжүүлэх хөтөлбөрт хамруулж, өрхийн гишүүдийн ур чадвар, нөөц боломжид тулгуурлан орлого нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалт нөлөөлийн ажлыг зохион байгуулсан байна.


