Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн “Нарны хүүхдүүд” бүжгийн клубийн багш, сурагчид БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 6, 7-нд болсон “FDC International Dance” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, гоцлол болон цөөхүүл бүжгийн төрлөөр алт, хамтлаг бүжгээр Гран при цом хүртлээ.
Тус клубийн 30 хүүхэд тэмцээнд оролцсоноос М.Мөнхжин, Г.Анун нар гоцлол бүжгийн 12-15 насны ангилалд тус бүр алт, цөөхүүл бүжгийн төрөлд алт, Талын жавхаа бүжгээр хамтлаг бүжгийн төрөлд гран при цомын эзэд болжээ. Мөн клубын багш, МУСТА Л.Ган-Эрдэнэ шилдэг багшаар шалгарсан байна.
Тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг цахимаар явуулсан бөгөөд хоёрдугаар шатанд Монгол, Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг арваад улсын 500 гаруй бүжигчин оролцжээ.
Талын жавхаа бүжиг нь уудам талын салхинд өсөж, хөх тэнгэрийн дор эрх чөлөөг мэдэрсэн тал нутгийн үрсийн сэргэлэн цовоо, цог золбоотой зан чанар, монгол хүүхдийн гэнэн цайлган инээд, эрч хүч, хийморь жавхааг бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн бүтээл юм. Талын салхины намуухан илбээ, хурдан хүлгийн туурайн төвөргөөн, хүүхэд багачуудын цоглог баяр хөөр, монгол ахуй соёлыг шингээснээрээ онцлог. тайзан дээр 20 гаруй хүүхэд нэгэн зэрэг бүжиглэх нь өөрөө бүжгийн сүр жавхааг шууд шилтгэдэг гэж багш Л.Ган-Эрдэнэ хэллээ.
Нарны хүүхдүүд клуб нь үндэсний ардын бүжиг болон бүжгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр орон нутагтаа тасралтгүй арав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 7-16 насны 200 гаруй хүүхэд тус клубт хичээллэж байна.
Багш Л.Ган-Эрдэнэ, Б.Сайхантуяа нар нь шавь нарынхаа авъяас, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улс, олон улсын уралдаан тэмцээнд тогтмол оролцуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээн нь тэдний хоёр дахь олон улсын тэмцээн юм.
