Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. 2026 оны байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц”-ыг 466 өрх хөнгөлөлттэй нөхцөлөөр авч, нүүрсний хэрэглээг бууруулан, эрүүл, цэвэр, тав тухтай орчинд амьдрах боломж бүрджээ.
Үүнээс Баруун-Урт сумын 277, хөдөөгийн 10 сумын 189 өрх уг багцыг хэрэглэж, нийт 1331 иргэн үр шимийг нь хүртэж байна.
2024 онд аймгийн Засаг даргын санаачилгаар монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүнийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төсөвт 1.6 тэрбум төгрөг баталжээ. Уг хөрөнгөөр бүтээгдэхүүнийг иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн төсвөөс 300 сая төгрөг зарцуулж, гэр хорооллын зургаан байршилд цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
2025-2026 онд Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан, Дарьганга, Түмэнцогт, Сүхбаатар, Уулбаян сумын Засаг дарга нар орон нутгийн төсөвтөө чип багцын төслийн санхүүжилтийг тусган хэрэгжүүлж байна.

Монгол гэрт зориулсан “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц” нэвтрүүлэх төсөл нь гэрийг ус, салхи нэвтрүүлдэггүй нэмэлт бүрээсээр дулаалж, нүүрсээр галладаг уламжлалт зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуураар солих замаар дотор орчны агаарын чанарыг сайжруулахад чиглэж байна. Ингэснээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өрхийн гишүүдийг тогтмол дулаан, тав тухтай орчинд амьдрах нөхцөлөөр хангахын зэрэгцээ гэрийн дотор болон гаднах агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.
2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Сүхбаатар аймагт ажиллах үеэр аймгийн Засаг даргатай 2023-2027 онд төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталжээ.