Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баруун-Урт, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн 22 мянга гаруй иргэнийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар найдвартай хангах шинэ гүний худаг, түүнийг холбох цахилгаан болон дамжуулах шугам сүлжээг шинээр хийж байна.
Уг байгууламж ашиглалтад орсноор Баруун-Урт сум 1990-ээд оноос хойш анх удаа дөрөв дэх ундны усны эх үүсвэртэй болох юм.
Сумын гурван гүний худгийг 1987-1994 онд ашиглалтад оруулж байжээ. Анх 40.5 л/с байсан хүчин чадал нь өнөөдөр 30 л/с болж буурсан байна. Харин хэрэглээ хоногт 1200-1400 м.куб, баяр ёслолын үеэр 1600 м.куб хүрч өсөөд байна. Зарим үед хэсэгчилсэн байдлаар ус хангамжийг таслах нөхцөл байдал ч үүсдэг. Харин энэхүү шинэ эх үүсвэр нь хуучин худгуудын ачааллыг бууруулж, аль нэг нь зогссон ч сумын усан хангамж тасрахгүй болох нөхцөл бүрдэх юм.
Одоогоор ажил 90 гаруй хувьтай үргэлжилж, дуусах шатандаа оржээ. Төслийг орон нутгийн хөгжлийн сан болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран санхүүжүүлж, “Ану сервис” ХХК 1.37 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна.