Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

СӨҮЛ, 2026 оны аравдугаар сарын 28 /Reuters/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын дээдсийнх гэдгээрээ алдартай Ганнам дүүргийн "ядуусын хороолол" гэгддэг Гүрёнд мягмар гарагт гарсан түймрийг бүрэн унтраасан тухай “Yonhap” агентлаг мэдээлсэн байна. Түймэрт 77 өрхийн 107 хүн өртжээ.
Гал сөнөөгчид 13 цаг орчим ажилласны эцэст түймрийг унтраасан бөгөөд нэг эмэгтэйн хөл хөнгөн гэмтжээ. Түймэрт өртсөн оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байранд байрлуулсан байна.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, мягмар гаргийн 13:50 цагийн орчимд түр сууцанд гал гарчээ. Үндэсний гал түймэртэй тэмцэх алба түймрийг унтраахаар 232 алба хаагч, 110 нэгж техник хэрэгсэл дайчилсан байна. Мөн ойролцоох уулын бүсэд гал тархахаас сэргийлж зургаан нисдэг тэрэг илгээжээ.
Сөүл хотод үлдсэн хамгийн том ядуусын хорооолол гэгддэг Гүрён нь 1970-1980-аад онд хот байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үеэр нүүлгэн шилжүүлсэн иргэд Ганнам дүүргийн захад зөвшөөрөлгүй суурьшсанаар үүсжээ. Уг хорооллын айлуудын сууцуудыг хулдаас, наамал банз зэрэг амархан шатдаг материалаар барьсан байна.
Гүрёнд энэ оны нэгдүгээр сард мөн томоохон түймэр гарч, олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байжээ.
