Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр “Идэвхжил”-ийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгааг ЭМЯ мэдээлэв.
Мөн амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81 хувийг 15 хүртэлх насны, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдал, цаашдын төлөв, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өчигдөр хурал зохион байгуулав.
Тус хурлаар томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг онцлон авч үзэж, холбогдох байгууллагуудад чиглэл өгчээ. Үүнд,
Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор баталсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах
Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах
Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ, гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх
ЭМЯ-ны энэ сарын 7-ны мэдээллээр, томуу, томуу төст өвчин Монгол Улсад ихэвчлэн 9 дүгээр сарын сүүлчээс идэвхжиж, 12 дугаар сарын дунд үеэс 1 дүгээр сарын эхэн хүртэл оргил үедээ хүрдэг. Тухайн үед буюу тархвар судлалын 39 дүгээр долоо хоногт 10 мянган хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос буурсан ч сүүлийн гурван жилийн мөн үеийнхээс үзүүлэлтээс өндөр байжээ.
