Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БУЭНОС-АЙРЕС, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /Reuters/. Пап Лео Өмнөд Америкт хийж буй 12 өдрийн айлчлалынхаа хүрээнд мягмар гарагт Аргентинд зохион байгуулсан оройн мөргөлийн үеэр сая орчим сүсэгтнийг цуглуулсан нь гурав дахь томоохон цугларалт боллоо. Тэрбээр залууст хандан өнгө мөнгөний хойноос хөөцөлдөхгүй байхыг, мөн олон нийтийн сүлжээнд алдар нэр олох хүсэлдээ хэт автахгүй байхыг уриалжээ.
Буэнос-Айрес хотын гол өргөн чөлөөнүүдийн нэг болох Либертадорын дагуу олон мянган хүн олон км үргэлжилсэн урт цуваа үүсгэн зогсжээ. Пап Леог дээвэргүй тусгай машинаар цугласан олны дундуур аажуу явах үеэр цугласан олон гар утсаа өргөж, дэлгэцийнхээ гэрлийг асаан угтсан байна.
Түүнийг явж өнгөрөхөд “Энэ бол папын залуус!” хэмээн хүмүүс уухайлан хашхирч байв. Аюулгүй байдлын ажилтнууд нялх хүүхдүүдийг авчирч адислуулахын тулд автомашиныг замдаа олон удаа зогсоожээ.
Пап сүсэгтэн олонд хандаж үг хэлэхдээ, амжилт, гадаад үзэмжийг хэт шүтэхгүй байхыг залууст анхааруулаад, залуусын зарим нь цахим сүлжээнд бусдыг хууран мэхлэх, итгэл эвдэх, доромжлох хүртэл үйлдэл гаргаж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ. “Та бүхэнд амьдрал бэлэглэж чадахгүй зүйлсийн өмнө бүү сөхөр” гэж тэрбээр хэлсэн байна.
Энэ сарын 17-ныг хүртэл гурван улсад хийх өргөн хүрээний айлчлалынхаа хүрээнд XIV Лео Аргентины хоёр дахь том хот болох Кордовагаас буцаж ирснийхээ дараа энэхүү мөргөлийг зохион байгуулжээ. Мягмар гарагт Кордова хотын задгай талбайд болсон мөргөлд 650 мянган хүн оролцсон байна.
Мөн даваа гарагт Либертадорын өргөн чөлөөнд түүний удирдан явуулсан мөргөлд 2.5 сая хүн оролцсон нь 18 сарын өмнө Папын албыг хүлээн авснаас нь хойших хамгийн олон хүн цугласан арга хэмжээ болжээ.