Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр хэвлэлийн хурал зохин байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн
хурандаа Э.Товуудорж дараах мэдээллийг танилцуулав.
Тэрбээр “Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 518 эзэн холбогдогчтой 455 гэмт хэргийг илрүүлж, 134 825 хүн нэг удаад хэрэглэх хэмжээний бодис, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 1.8, холбогдогч 1.4, бодис 1.5 дахин өссөн үзүүлэлт гарав. Энэ гэмт хэрэгт хүн, хуулийн этгээдээс гомдол гаргаж ирдэггүй. Цагдаагийн байгууллагын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид илрүүлдэг онцлогтой. Гадаад зах зээлд нийлүүлэлтийг нь таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд 40 хүнийг интерполын шугамаар эрэн сурвалжилж зарласан. Энэ оны байдлаар улаан булантад зарласан долоо, хөх булантад зарласан 13, нийт 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Эрхзүйн харилцан туслалцааны хүрээнд авч ирэхээр ажиллаж байна. Монголын 43 иргэн гадаад улсад ял шийтгэл эдэлж байна. Тодруулбал, БНХАУ 29, БНСУ-д найм, ОХУ-д нэг, ХБНГУ-д хоёр, Вьетнам улсад нэг, Япон улсад нэг, Турк улсад нэг хүн ял эдэлж байгаа. Олон нийтийн сүлжээнд Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлдөг, холбогдон шалгагддаг, хураасан бодисыг зардаг гэж яриа гарлаа. Энэ бол ямар ч үндэслэлгүй. Хураан авсан бодисыг ашиглах боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас устгах ажлыг зохион байгуулдаг” гэлээ.
Түүний мэдээлснээр хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг ихэнхдээ Турк улсаас орж ирдэг байна. Түүнчлэн “Премьер Тайлор”-ын захирал Т.Зоригийг хар тамхитай холбогдсон хэргээр шалгаж байгаа аж. Мөн гадаад улсаас нийлүүлэгч таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар 2024 оноос хойш эрэн сурвалжилж байсан 22 этгээдийг тогтоож, хоёр иргэнийг шилжүүлэн авчирчээ. Хураасан мансууруулах бодисыг хадгалах, шийдвэрлэх, устгахдаа ЭХХШТХ-ийн 21.5 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 246, А/80 дугаартай захирамж, тушаалыг баримталдаг байна.
Эд мөрийн баримтаар хураасан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын бичлэгтэй хадгалж, шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэсний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн, устгуулдаг аж. Энэ үйл ажиллагаанд Цагдаа, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний ерөнхий зэрэг таван байгууллага хамтран оролцдог юм байна.