Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, 2030 он хүртэлх сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн замын зураглалыг хамтран боловсруулна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Боловсролын яамны холбогдох албаныхан хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг урт хугацаанд тогтвортой хангах асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, хотжилтын эрчимжилттэй уялдан ирэх жилүүдэд цэцэрлэгийн хүртээмжид үүсч болзошгүй сорилтуудыг урьдчилан тооцоолж, оновчтой шийдэл боловсруулах шаардлагын талаар хэлэлцсэн байна. Мөн нийслэлийн дүүргүүдийн хүн ам зүйн бүтэц, хүүхдийн төвлөрөл, цэцэрлэгийн ачаалал харилцан адилгүй байгаа тул дүүрэг бүр бодит хэрэгцээ, тоон мэдээлэлдээ тулгуурлан төлөвлөлт хийх нь чухал гэдгийг талууд онцоллоо.
Ирэх гурван жилийн хугацаанд төр, хувийн цэцэрлэгийн хамтын ажиллагааны шинэ шатны зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголтод хүрч, хүүхэд бүрийг чанартай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад чиглэсэн бодлогын шийдлийг хамтран тодорхойлж ажиллахаар болов.
Түүнчлэн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд илүү тэгш, хүртээмжтэй хамруулах, тэдэнд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын дэмжлэгийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнээс гадна салбарын багш, ажилтны хүний нөөцийн хэрэгцээ, тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлогыг хувийн цэцэрлэгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.