Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлыг тогтоох судалгаагаар 24 мянга орчим га ойн экосистем түймэрт өртжээ.
Түймрийн шаталтын зэрэг, ойн нас зэрэг нарийвчилсан үзүүлэлтийг судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлтээр гаргах юм. Мөн тал хээрийн экосистемийн биомасс гадаргын түймэрт өртсөнтэй холбогдуулан Нөмрөгөөс цуглуулсан дээжийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс 2024, 2025 онд бүрдүүлсэн ургацынхтай харьцуулан судална.
Зайнаас тандан судлалын мэдээлэл боловсруулах, хээрийн хэмжилт, дээж авах судалгааг эрдэмтэн, судлаач, шинжээч, албан хаагчдаас бүрдсэн 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг дуусгасан. Одоогоор цуглуулсан мэдээлэл, дээж, хэмжилтийн үр дүнг боловсруулж байна. Үүний дараа байгаль орчинд учирсан хохирлын нэгдсэн үнэлгээ, шинжээчдийн дүгнэлт гаргах ыг БОУАӨЯ мэдээллээ.
Судалгааг бэлтгэл, хээрийн судалгаа, суурин боловсруулалт, дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн үе шаттай зохион байгуулж байна. Хээрийн судалгааг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, хүн хүрэхэд хүндрэлтэй, алс байршлуудад нисдэг тэргээр хүрч, нарийвчилсан судалгаа хийж, дээж авсан нь хээрийн судалгааны ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгах боломж бүрдүүлжээ.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Нөмрөгийн ДЦГ-т хээрийн судалгаа хийсэн эрдэмтэн, судлаач, шинжээчдийн багийн төлөөллийг хүлээн авч уулзан, судалгааны явц, урьдчилсан дүгнэлттэй танилцав. Ажлын хэсгийнхэн хээрийн судалгааны үеэр цуглуулсан дээжүүдэд лабораторийн шинжилгээ хийж, ургамлын үндэс, хөрсний органик бүрэлдэхүүн хэсэг шатсан эсэх, хөрсний шинж чанарт гарсан өөрчлөлт, экосистемд үзүүлсэн нөлөөг тодорхойлж байгааг мэдээлэв.
Нөмрөгийн ДЦГ-ын алс, хүн хүрэхэд хүндрэлтэй бүс нутагт ийм хэмжээний нарийвчилсан судалгаа өмнө нь хийж байгаагүй. Энэ судалгаа нь түймрийн улмаас учирсан экологийн хохирлыг бодитой тогтоох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд ач холбогдолтойг мөн онцолжээ.