Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ТОКИО, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /TASS/. Японы Засгийн газар аюулгүй байдлын үндсэн баримт бичгүүдээ шинэчлэн боловсруулж байгаа тул тэдгээрийн агуулгын талаар тодорхой тайлбар өгөх боломжгүй гэж тус улсын сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү мэдэгдлээ.
Японы үндэсний аюулгүй байдлын стратегид "цөмийн зэвсэг эзэмшихгүй, үйлдвэрлэхгүй, нутаг дэвсгэртээ оруулахгүй" гэсэн гурван зарчмаас тодорхой нөхцөлд ухрах боломжийг тусгахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэлд тэрбээр ийнхүү тайлбар хийсэн байна.
“Ийм мэдээлэл гараад байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ Засгийн газар одоогоор аюулгүй байдлын салбарын гурван үндсэн баримт бичгийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа тул тэдгээрийн тодорхой агуулгын талаар тайлбар өгөх боломжгүй” гэж тэрбээр "Kyodo" агентлагийн нийтэлсэн мэдээлэлд тайлбар өгөхдөө хэлсэн байна. Үүний зэрэгцээ Засгийн газар "цөмийн зэвсэгтэй холбоотой гурван зарчмыг баримталсан хэвээр байгааг" дурджээ.
Японы "цөмийн зэвсэггүй байх гурван зарчим" нь хуулийн хүчин төгөлдөр баримт бичиг биш бөгөөд Засгийн газрын шийдвэрээр батлагдаж, дараа нь парламентын ердийн тогтоолоор баталгаажсан байна. Ерөнхий сайд Такаичи Санаэ түүний Засгийн газар эдгээр зарчмыг баримталж байгаа гэдгийг удаа дараа мэдэгдэж ирсэн боловч цаашид энэ бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн амлалт өгөхөөс зайлсхийсээр иржээ. Ерөнхий сайдаар сонгогдохоосоо өмнө тэрбээр АНУ-тай байгуулсан цэргийн эвслийн цөмийн бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлэхийн тулд цөмийн зэвсэг оруулахыг хориглосон заалтыг эргэн харахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.
Ингэснээр АНУ-ын “цөмийн шүхэр” буюу Японыг цөмийн зэвсгээр хамгаалах баталгааны үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа аж.
Энэхүү заалтын агуулга нь 2010 онд тухайн үеийн Гадаад хэргийн сайд Окада Кацүягийн парламентад илэрхийлж байсан байр суурьтай ерөнхийдөө нийцэж байна. Тэрбээр тухайн үед улсын аюулгүй байдалд эрсдэл учирсан онцгой нөхцөлд цөмийн зэвсэг тээвэрлэсэн АНУ-ын хөлөг онгоцуудыг Японы нутаг дэвсгэрт нэвтрүүлэх эсэх шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргана гэж мэдэгдэж байжээ. Энэ мэдэгдлийг цөмийн зэвсэгтэй холбоотой гурван зарчмаас тодорхой нөхцөлд ухрах боломж гэж олон хүн ойлгосон байна.
Японы эрх баригчид Кацүягийн мэдэгдлийг удаа дараа эш татаж, энэ байр сууриа баталгаажуулж иржээ. Ийм заалтыг аюулгүй байдлын үндсэн баримт бичгүүдэд тусгах нь парламентад хийсэн мэдэгдлээс илүүтэйгээр уг байр суурийг тууштай баримталж буйн илэрхийлэл болно гэж үзэж байна. Ийм тохиолдолд Япон улс цөмийн зэвсгийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэх нөхцөл, шалгуур болон холбогдох шийдвэрийг Япон, АНУ-ын тал хэрхэн гаргах журмыг боловсруулах шаардлагатай болно.

ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Эдийн засаг
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ