Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр АНУ-ын Энх тайвны корпусын орон хариуцсан захирал Лиза Пауэрс тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтад тус байгууллагын чанарын хяналтын мэргэжилтэн Г.Батмагнай, сургалтын менежер Г.Гантулга, хэл, соёлын зохицуулагч Б.Болормаа нар оролцов.
Уулзалтын үеэр 2026 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтыг дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, сайн дурын ажилтнуудын бэлтгэл сургалтын зохион байгуулалтын талаар хэлэлцэв.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр англи хэлний сургалтыг хоёр жилийн хугацаатай хөтөлбөр болгон хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиуд болон бусад хөгжлийн төвөөр дамжуулан хүүхэд, залуусын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх санал дэвшүүлсэн байна.
Харин Энх тайвны корпусын төлөөлөгчид сайн дурын ажилтнуудаа Зуунмод сум, Зүүндэлгэр баг, Сэргэлэн сумын өрхүүдэд байршуулан ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ нь сайн дурын ажилтнуудыг орон нутгийн иргэдтэй ойр ажиллуулж, харилцан туршлага солилцох, хэл, соёлын харилцааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Одоогоор Энх тайвны корпусын 30 сайн дурын ажилтан Төв аймагт хуваарилагдан ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсад ирсэн тус байгууллагын 35 дахь ээлжийн сайн дурын ажилтнууд юм.