Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, эмчилгээний хяналтыг сайжруулах зорилготой “МонПЭН санаачилга” төслийг анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр болж, төслийн нээлт болон талуудын уулзалт боллоо.
Уулзалтаар Эрүүл мэндийн яамнаас халдварт бус өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “МонПЭН санаачилга”-ын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Харин аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв.
“МонПЭН санаачилга” нь ДЭМБ-ын PEN/HEARTS багцыг анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний эрсдэлийг үнэлэх, эрт илрүүлэх, эмчлэх, тогтмол хянахад чиглэж байна.
Төслийн хүрээнд иргэдийг эхлээд эрсдэлийн үнэлгээ, эрт илрүүлэгт хамруулж, эрсдэлийн түвшинд нь тохирсон зургаан бүрэлдэхүүнт цогц тусламж, үйлчилгээ үзүүлэн, цаашид тогтмол хяналтад авах юм. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үндэсний болон орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг тогтмол зохион байгуулна.
Тус санаачилгыг 2019 онд загвар төсөл хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд өдгөө үндэсний хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлж байна. Анх хэрэгжүүлсэн Дархан-Уул аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тархины харвалт, зүрхний шигдээсийн шалтгаант нас баралт 1.4-2.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.
Төв аймагт сүүлийн таван жилийн статистик мэдээгээр жилд дунджаар 112.7 мянган халдварт бус өвчний тохиолдол бүртгэгддэгээс 22.5 хувь нь зүрх судасны шалтгаант өвчлөл байна.
2026 оны аравдугаар сарын байдлаар зүрх судасны өвчний 20678 тохиолдол бүртгэгдсэн нь 10 мянган хүн амд 2250.97 промиль ногдож байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 630.94 промилээр өссөн үзүүлэлт юм.