Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Төв аймагт хэлэлцүүлэг өрнүүлж, бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүнд суртал, үйл ажиллагаанд нь саад болж буй асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдээс 100 гаруй хүн танхимаар оролцож, аймгийн 27 сумын төлөөлөл цахимаар холбогджээ.
Хэлэлцүүлгийг Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн Бизнес түншлэл, харилцагчийн газрын захирал, “Yes Mongolia” ТББ-ын Төв аймаг дахь салбарын дарга Н.Дугар чиглүүлэн явуулав.
Хэлэлцүүлгээр бизнесийн орчин, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжлийн боломжтой холбоотой гурван сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын санал бодлыг сонслоо.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга М.Цолмон “Бизнес эрхлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, хүнд суртлаас чөлөөлье” сэдвээр, Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Батцэцэг “Хөдөлмөрлөж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгоё” сэдвээр, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Туяа “Орон нутгийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлье” сэдвээр илтгэл тавьжээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд, бизнес эрхлэгчид жижиг, дунд бизнес эрхлэхэд тулгардаг хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, зөвшөөрөл, лицензийн хугацаатай холбоотой асуудлыг хөндсөн байна.
Тухайлбал, жижиг аж ахуйн нэгжүүд 10 гаруй төрийн байгууллагатай харилцаж, үйл ажиллагаагаа тайлагнах шаардлагатай болдог, лицензийн хугацааг сунгахад хүндрэл гардаг, төлөвлөгөөт хяналт шалгалтууд давхарддаг нь бизнесийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгааг оролцогчид хэлжээ. Мөн татвар төлсөн ч төрийн үйлчилгээг шуурхай авч чаддаггүй, стандартын шаардлага нь бизнес эрхлэгчдэд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг талаар санал дэвшүүлсэн байна.
Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгыг эрэмбэлэн нэгтгэж, орон нутгийн түвшинд шийдвэрлэх асуудлыг холбогдох байгууллагад хүргүүлэхээс гадна УИХ, Засгийн газар, яам, агентлагийн түвшинд уламжлахаар төлөвлөжээ.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд зохион байгуулж буй хэлэлцүүлэг нь бизнесийн орчныг хүндрүүлж буй хууль тогтоомж, дүрэм, журам, зохион байгуулалтын саад бэрхшээлийг тодорхойлох, иргэдийн хөдөлмөр эрхлэх, бизнесээ хөгжүүлэх, орлогоо нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх санал, санаачилгыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргэх зорилготой юм.
