Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Зуунмод хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцүүлэн дулаан хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, инженерийн дэд бүтцийг шинэчлэх зорилгоор хэрэгжүүлсэн халаалтын 5 дугаар хэсгийн иж бүрэн шинэчлэлийн ажил амжилттай дуусаж, өнөөдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд халаалтын 5 дугаар зуухны хуучин янданг шинэчилж, 4.2 болон 2.8 МВт-ын хүчин чадалтай, нийт 7 МВт-ын дулаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан халаалтын хоёр зуух суурилуулжээ. Мөн нүүрс тэжээх, үнс зайлуулах үйл ажиллагааг автоматжуулснаар зуухны ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлж, ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэх нөхцөл бүрджээ.
Ийнхүү халаалтын 5 дугаар хэсгийг иж бүрэн шинэчилснээр Зуунмод хотын дулаан хангамжийн дэд бүтцийн хүчин чадал, найдвартай ажиллагааг сайжруулахын зэрэгцээ хотын цаашдын хөгжил, өргөжилтийг дэмжих чухал нөхцөл бүрдэж байгааг албаны хүмүүс онцоллоо.
Уг төслийн санхүүжилтийг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэсэн бол барилга угсралтын ажлыг “Эн Ар Жи Эм” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.