Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” гуравдугаар зарлигийг Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул, Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ууганбаяр нар гардан авлаа.
Зарлигийг “Ачуут гол” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Монголын Нэгдсэн Анагаах Ухааны Нийгэмлэгийн тэргүүн, элэг судлаач, хануур заслын мастер багш, анагаах ухааны доктор, профессор Г.Машбат гардуулан өгчээ.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Уламжлалт анагаах ухааны хүний нөөцийг бэлтгэх, иргэдэд эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалт анагаах ухааны гурван эмч, сэргээн засахын хоёр эмч, зургаан сувилагч ажиллаж байна. Харин аймгийн төв, 27 сум болон хувийн эмнэлгүүдэд нийт 96 эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмч, мэргэжилтэн зарлигийг орон нутагт хэрэгжүүлнэ.
Нэн тэргүүнд уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын чиглэлийн эмч, ажилтнуудын дунд ур чадварын уралдааныг сум, бүсийн түвшинд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын уламжлалт анагаах ухааны олон мянган жилийн түүхтэй өв, мэдлэгийг хадгалан хамгаалах, судлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах зорилгоор уг зарлигийг гаргажээ.
