Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төв аймгийн нутаг дэвсгэрт мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл түр хориглолоо. Аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон уг хязгаарлалтыг энэ оны аравдугаар сарын 20-ноос мөрдөж эхэлжээ.
Хүйтний улирал эхэлж, цас орсноор замын халтиргаа гулгаа нэмэгдэн, мотоциклтэй зорчиход осол гарах эрсдэл ихэсдэг. Иймд хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү улирлын чанартай хязгаарлалт тогтоосон байна.
Төв аймаг нь нийслэл Улаанбаатар хотыг тойрон байрладаг бөгөөд олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээ тус аймгийн нутгаар дайран өнгөрдөг. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь орон нутгийн төдийгүй хот хоорондын зорчих хөдөлгөөнд чухал ач холбогдолтой юм.
Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн үеийн нэгдсэн бүртгэлээр Төв аймагт 29454 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 2.5-3 орчим хувийг мотоцикл эзэлж байгаа бөгөөд албан ёсны бүртгэлээр 800-900 орчим мотоцикл тус аймагт байна.