Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 29 /RIA Novosti/. Украины асуудлаарх гурван талын хэлэлцээ 11 дүгээр сарын 4-нөөс наана болохгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
“Хэлэлцээ ирэх сарын 4-нөөс хойш болох нь тодорхой байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлжээ. Түүний хэлснээр, хэлэлцээний товыг ойрын хугацаанд эцэслэн тогтоох хэдий ч байлдааны талбар дахь нөхцөл байдлаас мөн шалтгаалах аж.
“Өмнөх шатны уулзалт яагаад цуцлагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Уулзалтын товыг урьдчилан тохиролцсон байсан боловч украинчууд өөрсдөө цуцалсан шүү дээ” гэж Ю.Ушаков хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын төлөөлөгчдийг одоогоор эцэслэн бүрдүүлээгүй байгааг дурджээ.
Өнгөрсөн долоо хоногт Осло хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стивен Уиткофф нар оролцсон уулзалт болсон. Уг уулзалтын маргааш нь АНУ-ын тусгай элч С.Уиткофф Санкт-Петербург хотод очиж, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замын талаарха баримт бичгүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан юм. Энэ үеэр В.Путин АНУ, Украины талуудыг оролцуулан гурван талын зөвлөлдөх уулзалтыг сэргээхэд Оросын тал бэлэн байгааг С.Уиткоффт мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, Абу-Даби хотод хийхээр төлөвлөж буй уг уулзалтаар талууд Орос, Украины аюулгүй байдалд баталгаа олгох асуудлыг хэлэлцэнэ.