Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал өнөөдөр Даланзадгад суманд болж, газрын доорх усны нөөц, уул уурхайн ус ашиглалт, усны мониторинг, геологийн орчны хамгааллын асуудлыг хэлэлцлээ.
Хуралд гидрогеологи, инженер геологи, геоэкологийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаач, инженер, төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон залуу судлаачид оролцож, судалгааны үр дүн, шинэ арга технологи, практик шийдлүүдээ танилцуулав.

Монгол орны усны нөөц газар зүйн хувьд жигд бус тархсан бөгөөд байгаль, цаг уур, геологийн өвөрмөц нөхцөлтэй. Уул уурхай, хот байгуулалтын хөгжилтэй холбоотойгоор газрын доорх усны нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, хамгаалах, зохистой ашиглах шаардлага нэмэгдэж байгааг оролцогчид онцоллоо.
Мөн ус, хөрсний харилцан үйлчлэл, инженер-геологийн нөхцөл, геоморфологийн онцлог болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас геологийн орчинд үзүүлэх нөлөөллийг цогцоор нь судлах асуудлыг хэлэлцэв.
Усны газрын дарга З.Батбаяр газрын доорх усны судалгааг өргөжүүлж, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг хурлын үеэр тэмдэглэлээ.
Хурлын үеэр Монгол Улсын зөвлөх инженер, “Охь ус” ХХК-ийн захирал Г.Цэрэндондов Гүний хоолойн газрын доорх усны ордын нөөцийн дахин үнэлгээний дүнг танилцуулав.
Түүний мэдээлснээр, 2023-2024 онд хийсэн судалгаагаар тус ордын усны нөөцийг балансын аргаар секундэд 1942 литр, гидродинамикийн аргаар секундэд 1537 литр гэж тооцжээ. Харин "Оюу толгой" компанийн ус татаж буй 28 цооногийн ашиглалтын нөөцийг секундэд 892 литрээр тогтоосон байна.
Түүнчлэн Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлөөс Гүний хоолойн ордоос секундэд 892 литр ус олборлож, 20 жилийн хугацаанд ашиглах зөвшөөрөл олгосон талаар Г.Цэрэндондов мэдээлэв.

Хурлаар уул уурхайн ус ашиглалтын менежмент, усны мониторингийн аргачлал, ус, хөрсний харилцан үйлчлэл, инженер-геологийн эрсдэлийн үнэлгээ, геоэкологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд ашиглах, байгаль орчны хамгааллыг сайжруулах асуудлыг мөн хэлэлцэв.
Мөн залуу судлаач, оюутнуудын судалгааг дэмжих, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ удаагийн хурал нь газрын доорх усны нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, зохистой ашиглах, уул уурхайн үйлдвэрлэл ба байгаль орчны хамгааллын уялдааг сайжруулах, салбарын судалгаа, практикийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.