Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. “Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хүүхэд залуусын оюуны чадамжийг хөгжүүлэх, математикийн авьяастай сурагч, багш нарыг дэмжих зорилгоор говийн бүсийн математикийн олимпиадыг анх удаа зохион байгуулахаар зорьж байна.
Тус санаачилга нь говийн бүсийн аймгуудад математикийн боловсролыг хөгжүүлэх, авьяаслаг сурагчдыг эрт илрүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг ахиулахын зэрэгцээ амжилттай ажиллаж буй багш нарын хөдөлмөр, туршлагыг үнэлэн урамшуулахад чиглэж буйгаараа онцлог юм.
Математик нь хүүхдийн логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, дүн шинжилгээ хийх арга барилыг хөгжүүлэх суурь хичээлүүдийн нэг юм. Тиймээс олимпиад нь зөвхөн медаль, шагналын төлөөх өрсөлдөөн бус, сурагчдын мэдлэгийг сорих, багш нарын арга зүй, туршлагыг харилцан солилцох, бүс нутгийн боловсролын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.
“Тавантолгой” ХК-ийн энэхүү санаачилга хэрэгжсэнээр Говийн бүсийн аймгуудаас математикт авьяастай хүүхэд, залуусыг нээн илрүүлэх, тэднийг системтэйгээр хөгжүүлэх, амжилттай ажиллаж буй багш нарыг бодлогоор дэмжих боломж бүрдэх юм. Ийнхүү орон нутгийн боловсролын хөгжилд чиглэсэн хувийн хэвшлийн оролцоо нь хүний хөгжил, мэдлэг боловсролд оруулж буй урт хугацааны үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж байгааг Өмнөговь аймгийн Боловсролын газраас онцоллоо.
Өмнөговь аймаг математик боловсролыг хөгжүүлэх чиглэлээр багш нарын мэргэжлийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэх, сурагчдын математик сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэх, олимпиадын бэлтгэл болон математикийн клубын үйл ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн 2024 онд Монголын математикийн 60 дугаар олимпиадыг аймагтаа зохион байгуулж, “Боловсрол Өмнөговь” 2024-2028 хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, бага наснаас математик сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хэрэгжүүлж байна.