Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүд, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймагт энэ сарын 11-нд ажиллаж, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй уулзан, бүс нутгийн хөгжил, тулгамдаж буй асуудал, Засгийн газрын бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилтоо танилцуулав.

Ерөнхий сайд орон нутагт Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд гаргаж буй ажлын үр дүнг онцлоод, цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, их өгөгдөлд суурилсан цахим систем нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
Мөн хүүхдийн эрсдэлтэй орчныг бууруулах, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Хүүхдийн төлөө-За бол заавал хийе” аяны хэрэгжилтийг идэвхжүүлэх, бага насны хүүхдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг онцоллоо.

Говийн усны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ
Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймагт зохион байгуулсан “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалтад оролцож, Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний асуултад хариуллаа.
Энэ үеэр говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлд авч үзэхээ илэрхийлэв.
Тэрбээр говийг усжуулах “Хэрлэн-Тооно” төслийн зураг төсөл боловсруулах санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэж байсан бөгөөд цаашид ч энэ асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллана гэдгийг онцоллоо.
Уг төслийн танилцуулгад Хэрлэн голын урсцыг тохируулан ус хуримтлуулах, говийн бүс рүү ус дамжуулах цогцолбор байгуулах шийдэл тусгагдсан байна. Төслийн урьдчилсан үзүүлэлтээр усан сангийн багтаамжийг 1.6 тэрбум шоо метр, ус дамжуулах шугамын уртыг 235 км байхаар төлөвлөжээ. Энэ нь говийн бүсийн усны хангамж, уул уурхай болон бусад үйлдвэрлэлийн усны хэрэгцээг урт хугацаанд шийдвэрлэх зорилготой томоохон төслийн нэг юм.
Өмнөговь аймгийн эдийн засгийн өсөлт, экспортын тээвэр, логистикийн боломжийг нэмэгдүүлэхэд стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдийг Засгийн газраас дэмжин ажиллахаа мөн Ерөнхий сайд илэрхийллээ.
Тухайлбал, Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын холболтыг бий болгох, Өмнөговь аймгийг олон улсын нисэх онгоцны буудалтай болгох, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг орон нутагтай уялдуулах асуудлыг онцоллоо.
Мөн ирэх оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг ашиглалтад оруулах зорилттой байгааг мэдээлж, “Монголын төмөр зам” болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг Өмнөговь аймагтай уялдуулан, компаниудыг орон нутагт шилжүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав.

Түүнчлэн өнгөрсөн онд Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулж, нислэгийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан бөгөөд цаашид олон улсын нисэх онгоцны буудал болгон хөгжүүлэх асуудлыг Засгийн газар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Уул уурхайн үр өгөөжийг орон нутгийн хөгжилд чиглүүлнэ
Өмнөговь аймгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг нь уул уурхайн салбар боловч үйлдвэрлэл, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, усны нөөц, бэлчээрийн доройтол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны хамгааллыг сайжруулахын зэрэгцээ уул уурхайн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэж, ажлын байр, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Өмнөговь аймгийн хөгжлийг зөвхөн уул уурхайн олборлолт, экспортоор хэмжих бус, усны найдвартай эх үүсвэр, төмөр зам, авто болон агаарын тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын уялдаа холбоонд тулгуурлан урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь чухал байгааг энэ удаагийн уулзалтаар хөндсөн асуудлууд харууллаа.

ӨМНӨГОВЬ: Бүтээлч өсөлт-2026 говийн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган уулзалт, үзэсгэлэн худалдаа боллоо
Монгол мэдээ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Орон нутгийн мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ