Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль болон “Нэт Зеро Энержи” ХХК сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 6-нд гарын үсэг зурлаа.
“Нэт Зеро Энержи” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 180 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Санамж бичгийн дагуу талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, оюутнуудын онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн дадлагаар бататгах, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Тухайлбал, оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцжээ.
Мөн мэргэжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх, олон улсын хамтын ажиллагааг дэмжих, ШУТИС-ийн бусад бүрэлдэхүүн болон салбар сургуулийн оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх, боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ оюутнуудад ажлын байрны бодит орчинд суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдүүлэх ач холбогдолтой юм.