Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, шинжээч Ж.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Өмнөговь аймагт ажиллав.
Ажлын баг энэ сарын 11-нд Даланзадгад суманд ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй танилцлаа.
Уулзалтаар улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, малын генетик нөөцийг хамгаалах, ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгч, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай чиглэлээр санал солилцов.
Үндэсний статистикийн хорооны 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Өмнөговь аймаг 155.9 мянган тэмээ тоолуулж, улсын хэмжээнд тэргүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.7 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэмээн сүргийн тоогоор тэргүүлж буй тус аймагт хоёр бөхт тэмээний генетик нөөцийг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломж бий.
Ажлын баг аймгийн мал аж ахуйн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн байгуулсан Тэмээ судлал, мал, амьтны эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төв нь тэмээний ашиг шим, эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм. Тухайлбал, тэмээний сүүний гарцыг нэмэгдүүлэх, сүү, ноос, ноолуурын чанар, боловсруулалтыг сайжруулах, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулахад судалгаа, шинжилгээ чухал ач холбогдолтой.
Түүнчлэн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, лабораторийн чадавхыг бэхжүүлэх, малын эрүүл мэнд, генетик нөөц, үржил селекцийн чиглэлээр судалгаа хийх, үр дүнг малчид, үйлдвэрлэгчдэд хүргэх боломжийн талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын судалгаа, шинжилгээг дэмжих, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан тэмээний аж ахуйг эдийн засгийн үр өгөөжтэй, тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналуудыг ярилцлаа.