Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий
galt.deegii@gmail.com

Даланзадгад, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Япон улсын Фүкүй мужийн үлэг гүрвэлд суурилсан аялал жуулчлал, орон нутгийн хөгжлийн туршлагыг Өмнөговь аймагт нутагшуулах боломжийг хэлэлцсэн “Дэлхийд танигдах үлэг гүрвэлийн брэнд бүтээх нь” семинар энэ сарын 11-нд зохион байгууллаа.
Семинарт говийн байгаль, түүхийн музейн ажилтнууд, жуулчны баазуудын төлөөлөл, гар урчууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон орон нутгийн иргэд зэрэг 50 гаруй хүн оролцжээ.
Үйл ажиллагааны үеэр Япон улсын Фүкүй мужийн үлэг гүрвэлийн судалгаа, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн эдийн засгийн хөгжлийн туршлагыг танилцуулсан юм.
Мөн Өмнөговь аймгийн үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн үлэг гүрвэлийн өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэд, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбараар дамжуулан нутгийн иргэдийн орлогыг өсгөх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өмнөговь аймаг нь үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн арвин өвөөрөө дэлхийд танигдах боломжтой бөгөөд энэхүү нөөцийг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх нь орон нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, олон улсын жуулчдыг татах чухал ач холбогдолтой юм.
Семинарыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгууллаа.